2011-04-19

Улаан булан, клуб




                                

Наранбулаг сумын улаан булан 1952 онд байгуулагдаж эрхлэгчээр нь Г. Хуушаан ажиллаж байв. Тэр үед гэрээр үйл ажиллагаа явуулж байгаад 1955 онд Улаан булангийн барилгыг Ц. Бадарч удирдан бариулж, ашиглалтанд оруулж, урлаг уран сайхны ажлыг Улаан буландаа зохион явуулдаг болжээ. Тэр үед урлагийн мэдлэг, мэргэжилтэй хүмүүс бараг байхгүй, суманд ажиллаж байсан багш, эмч зэрэг цөөн тоонй сэхээтнүүд  оройн цагаар цугларч концерт бэлтгэж, хөдөлмөрчдөд тоглож үзүүлж байсан байна. 1960 оноос клуб байгуулагдаж, эрхлэгчээр Дэлгэр ажиллаж, соёл урлагийн арга хэмжээг хөдөлмөрчдийн дунд зохион байгуулж, 1964 оноос клубын эрхлэгчээр мэргэжлийн хүмүүсийг ажиллуулж эхэлсэн юм. 1968 онд 250 хүний суудал бүхий клубын барилга ашиглалтанд орсноор материаллаг бааз бэхжиж, хөгжмийн зэмсэг, техник хэрэгслээр хангагдаж ирсэн байна.


Клубын эрхлэгчээр: Ц. Жигээ 1964-1970, Ц. Мялгаа 1970-1973, Ч. Бааст 1973-1977, Т. Зундуй 1977-1978, Ц. Цогтгэрэл 1978-1979, 1991-1998, Балжинням 1991-1992 Ц. Уранчимэг 1987-1988, З. Даваажав 1988-1989 Б. Буянтогтох 1989-1991 М. Отгонбаяр 1998-2003, Р. Өлзийбаяр 2003 оноос тус тус ажиллаж байна. 1971 онд Бүх түмний урлагийн их наадамд  туульч Ш. Нямаа оролцож Алтан медаль, 1979 онд нэгдэлчдийн урлагийг уралдаанд бүжигчин Д. Цэцэгмаа, т. Зундуй, хөгжилчин Ц. Цогтгэрэл нар оролцож хүрэл медаль, 1981 онд ажилчны урлагийн наадамд Д. Цэцэгмаа алтан медаль, Монгол туургатны их наадам, Монголын ерөөлч магтаалчдын уралдаанд ерөөлч Я. Сайнбилэг оролцож улсын тэргүүний уран сайханч цолоор тус тус шагнагдсан байна. 1964, 1979 онд сумын соёл урлагийн өдрүүдийг аймагт зохион явуулж, өндөр үнэлэлт авч байсан юм.


1960-аад онд клубын дэргэд кино механикчтай болж Ш. Мандаа, П. Лонжид, Т. Жалцан, Цэвээнравдан, Бат-Орших, Я. Сайнбилэг, Р. Пүрэвсан нар ажиллаж, хөдөөгийн хөдөлмөрчдөд кино урлагаар үйлчлэхэд ихээхэн чармайлт гаргаж ажиллаж байлаа. Т. Жалцан тэмээн тэргэнд киногоо ачиж баг, сууриудаар явж үйлчилж байв.

1970 онд номын сан байгуулагдаж, номын сангийн эрхлэгчээр Ж. Цэвээн, Н. Орлом, Ц. Баялаг, Ц. Жамганжав, Д. Цэрэнпагма, Б. Үржинхүү, Б. Нарантуяа нарын хүмүүс ажиллаж, номын тоо 20000-д хүрч, уншигчдын тоо жилээс жилд нэмэгдэж хөдөөгийн малчдад хайрцаг цүнхээр ном хүргэж уншуулж байсан.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!