Showing posts with label өгүүллэг. Show all posts
Showing posts with label өгүүллэг. Show all posts

2011-02-19

Ч.Энхмаа

 Бахархал хийгээд омогшилийн тухай

Миний Монголчууд хонины бэлчээртээ судар нуусан үндэстэн. Ертөнцийн жамыг танин ядаж өндийх хүү аяга тарагний үнэ цэнэ, амтыг хугас өдөр хонь дагаж олдог, тэр нь насан туршийн амьдрах ухаан нь болж төлөвшдөг тийм л энгүүн түмэн. Эгэл бор амьдралаас дэлхийн энтэй сэтгэх ухааныг чухам тэгэж өвлөдөг. Бага нас минь аргал түүж, буйдхан алсын өвөлжөөнд хурганы өвс зөөж, голын эргээр тугал эргүүлж өнгөрсөн. Гээд би өнөөдөр Toefl-ийн шалгалтад бэлтгэж Википэдиагийн өгүүлэлд хэдэн үгээ нэмэрлэчих сөхөөтэй Монгол охин. Америк багачууд шиг би эцгийгээ цагдаад бариад өгчихдөг эрх чөлөөг хөхөж өсөөгүй, ээжийнхээ халуун сүүг үлгэж хүн болсон. Африкийн жаалууд шиг өлсгөлөнд нэрвэгдээгүй, тараг сүүнд булхсан тостой бор жаал явсан. Компьютер, интэрнэт, гар утас гээчийг харах нь байтугай сонсоогүй явсан цаг саяхан. Сумын сургуулийн танхимд бурхан аятай залаатай ганц хуучин компьютерийг харчихаад түүний ард сууж шинэ ертөнцийг нээчихлээ гэж шөнөжин зүүдэлсэн минь саяхан. Үнэн ийм л байсан. Одоо ч ийм л байгаа. Гагцхүү Монгол зүрх бууж өгье гэж цохилдоггүй.


Монгол зүрх нараар эрчимжиж, нартаас сугарч сэтгэдэг ганцхан онцлогтой. Үнэндээ дэлхийн дайтай сэтгэдэг тэр ухаан Монголчуудын тэнгэрийн зам, хөх толбо тэнгэрийн тийз нь. Түүнээс биш дээрээс бууж ирсэн Бөртэ чоно, Гоо маралын домгоор амьдарч, шинжлэх ухаанаар тулах цэгээ хийсэн 21-р зууны иргэдэд “чононоос хүн төрсөн тэр нь бид ” гэж хэлбэл хэд нь  итгэх бол. Оронд нь бидний өвөг дээдэс тэнгэр мэт гүн сэтгэдэг, чоно мэт ирмүүн,  буга согоо мэт гуа сайхан байсан юм гэж хэлбэл үнэнд алхам ойртож мэдэх юм.
Харин өнөөдөр Монголчууд Чингис гэдэг нэрийг нохойд барьдаг мод шиг эзэгнэн  гутааж байна. Энэ нэр газарсан бол хөрс нь шороогоор эргэж, уссан бол ундарга нь татарчих болтол тал талаас нь зулгааж идэв. Ядахдаа л Солонгос хүн надаас Монгол хэдэн Чингистэй юм бэ? гэж асуухдаа тултал Чингис, Чингис, Чингис гэж дэлхийгээр нэг үглэсэн байна.
Азаар биднийг бурхан ивээж. Чингис гэдэг нэр үнэ цэнээ алдсангүй. Гай зовлон, аз жаргалын алинд ч мөнх тэнгэр дүнхийн хормойноос нь зүүгдэж хүн болсон нэг нь амьд явамгүй нүгэл үйлдэж байхад бас хэсэг нь дэмий л нэг амьдарч үгүй бол тэнгэр эцэг өөдөө тэмүүлж ургадаг шиг Чингис гэдэг нэр Монгол хүнийг, Монгол зүрхийг нөмрөн дүнхийсээр.  Харамсалтай нь  бид булшийг нь хайн эндүүрч, дахиад төрөхийг нь хүлээн гуйрамч хормойгоо дэвснэм. Домгийн сэтгэлгээ, бодит байдлаас хэтийдсэн хоосон хэнээрхэлээр бид юу хийх юм бэ? Чухам өнөөдөр бидэнд 13-р зууны дарангуйлалаас илүү оюун ухааны  байлдан дагуулал хэрэгтэй. Гэхдээ битгий эндүүрээрэй. Бусдыг биш өөрийгөө байлдан дагуулах их эрмэлзэлийн тухай энд би ярьж байгаа юм шүү.
Монгол хүн. Тэд эрэмшиж, омогшиж бас өмөгшөөж чаддаг ард түмэн. Түүхэнд “хэрвээ” үлддэггүй шиг Монголын түүхэнд “цусаа худалдсан”  толбо байхгүй. Гэтэл охидийг минь зардаг болов. Мал хулгайлах нь багадаад Монгол хүнийг хулгайлав. Эзэн тэнгэр гээч нь байдагсан  бол аварч алгаа дэлгэхээр олон ээжийн энгэр чийгтэж, олон эцгийн өр өмрөв. Эцэст нь эх хүн үрээ мал мэт зүсэлж сурагласаар ичгүүргүй Монгол хүний гараас аврав.
Гэхдээ 21-р зуун Монголчуудыг уудам газар нутаг, зүг бүрээс өнгөлзөх шуналтан, эсвэл авралын гараа сунгах ачтан, тэд мэт олон хүмүүсийн дунд баганаа түшиж хөлд орох тэнгэр лүү тэмүүлж өсөх охид хөвгүүдтэй нь орхижээ. Энэ үе л бидэнд амьсгаа авах боломжийг олгож байна. Харанхуй мэт түгсэн хэнээрхэл, хоосон бардамнал, дээдэлж дээрээ залдаг бүхнээ уландаа гишгэх жудаггүй зангийн дундуур гэрэл мэт цуучин орж ирэх шинэ сэтгэлгээ, шинэ хүч яах аргагүй үгүйлэгдэж байна. Монгол хүнд  дөрвөн уулын орой дээрээс бүр цаашилбал Гималайн уулсын оргилоос ч ертөнцийг харж чадах ухаан заяасан. Гагцхүү түүнийгээ нээгээсэй. Түүний тулд миний Монголчууд :
  • Цусаа худалдаж, зүсээ битгий зараасай. Ялангуяа Буддын сургаалийн гол үндэс ёсоор хязгааргүйд сэтгэж, шунал хүслийг хазаарлан дарж амьд эс бүхний төлөө чин сэтгэлт нигүүлсэнгүй түмэн болоосой.
  • Удам угсаа  үүх түүхийг мушгин гуйвуулж бахархал, уламжлалаа доромжлол мэт газар авсан хэтийдсэн  магтаал хэнээрхэлээс авраасай. Шинэ Монгол хуучнаа мартаагүй, хуудуутайг хөхүүлээгүй үндэстэн болж тогтноосой.
  • Тамын тогооны үлгэр ярин тэндээ чанагдах нь “алтан дээр завилсан гуйлгачин” байхаас ч ичгэвтэр гэдгийг ухаараасай. Газрын баялаг, өнөө маргаашийн олз ашигт шунасан Монгол хүн хаана ч хүчгүй. Түүний оронд хэн ч халддаггүй дархан хил “тархины орон зай, түүн доторх баялаг”-т шүтэж амьдраасай.
Тэнгэрт ойрхон үндэстэн Монголчууд. Энэ хоосон үг, хийсвэр тунхаг биш. Энэ бол бодит боломж, бодит сэтгэхүйн тухай яриа. Хэнээрхэл, хий солиорол, алгаа дэлгээд аврал эрэх, ялангуяа төрөөсөө хишиг гуйтлаа доройтсон сэтгэхүй өөрсдийнх нь гэдгийг дуулгах боломж.
Монголчууд төрийн сүлд өршөө гэж үйлсээ даатгахаас биш төр минь хишиг хайрла гэх сэтгэхүй, уламжлалын унал доройтол дарлалын 200 жил, дарангуйлалын 70 жилд аль алинд нь байсангүй. Бид  бусдаас гуйдаггүй, бурханыг өөрөөсөө эрдэг, буй болгох бутраан сарниахаа өөрсдөө мэддэг Монголын Монголчууд.
Би гэдэг зүүний үзүүрт тогтсон ширхэг будаахан. Энэ ард түмний өчүүхэн эс ширхэг нь. Бурханы шашинтай хүний ёсоор бодит шалтгаан, бодит үр дүнд л итгэдэг. Зовлон болоод дэлхий ертөнц дээрх аливаа хувьслуудыг байгаагаар нь хүлээн авч байгаагаараа хариулт өгөхийг хичээдэг. Шуугиант хот, дандаа асч байдаг гудамжны гэрлүүдийн дунд алхахдаа хичнээн мөнгө өдрийн цагаар ассан гэрлийн төлөө урсдагийг тооцохыг хичээх нь миний зан. Цоргоноос ус дусалхад улсын эдийн засаг ярьж, усыг эрдэнэтэй зүйрлэдэг  ээжийн охин билээ би. Би цэлгэр тал, шингэх наран зүүгддэг уулсын охин. Өвгөдийнхөө холч ухааны энгээр бэрхшээл магтаалын далайд төөрчихөөгүй л явна. Сэтгэл доторх агуу их орон зай, эх дэлхий тэр чигээрээ миний эх орон. Монгол хүн, Монгол залуус жижигхэн үүрэнд өссөн тэвчээрт болжмор мэт халилд дүүлэн нисэхийг л хүснэм.

2011-01-29

Пүрвээийн Батхуяг

 Борооны охин
Тэр бороо арван нэгэн сарын эхээр гэнэт оров. Гайхалтай нь өвөл бороо ороход хэн ч хачирхсангүй. Ихэнх хүн удахгүй яргуй нүдлэж, ногоо цухуйна хэмээн бодсон биз. Харамсалтай нь даанч тэгсэнгүй. Бороо орсоны маргаашнаас ертөнцийн бүх юм хайлж эхэллээ. Он удсан байшин барилгын чулуун хананууд шоколадтай мөхөөлдөс шиг зунгааралдан нялцайж, замын өнгөлсөн хавтангууд ялбайж, уул толгод, өвс ургамал галд хуйхлагдсан мэт үгүй болж, чулуу, модод хэлбэрээ алдаад нүд халтрим дүрстэй овгор хар зүйл болон хувирч байлаа. Мэдээж хүмүүс орох байх газраа олж ядан хий дэмий л ийш тийш гүйлдэж, хоргодох байрнаас алт эрдэнэс мөнгө төгрөг, юугаа өгөхөөс буцахгүй байдалд хүржээ. Тэр өдрийн бороонд норсон хүмүүс эхнээсээ хайлж, мэлтэгнэсэн шингэн бие нь нүдэн дээр агаарт ууршиж байв. Энэ гарцаагүй мөхөл гэдэгтэй бүгд эвлэрээд хэн ч аврагдах арга зам хайхаа больж, хайлан уурших өдрөө хүлээн мөргөл залбирал хийсээр суух болов. Харин бид хоёр хэд хоногийн өмнө болсон хуримнаас буцаж явлаа. Хурим хачин сайхан болсонсон. Хөөрхөн залуухан бэрийнхээ дуулж бүжиглэхийг харсан хөгшин залуу бүгд л уяран баясаж, хэд ч дахин дуулуулсан юм, бүү мэд, бараг л тоогоо алдсан байлаа. Цээл сайхан хоолой, уян налирхай бие, усгал зөөлөн харц гээд хамаг сайхан нь төгс бүрдсэн нэгэн байлаа


-Түүний хоолой цаанаа л нэг нууцлаг даа? Сонсоод л суумаар сэтгэлд нэг л дотно, тийм , ээ гэж тэр надаас гэнэт асуув. Зам хайлмагтаад хот хоорондын автобус мөлхөх төдий л урагшилж байсанд уур хүрснээ мартаад:

-Ёстой сайхан дуулдаг бүсгүй байналээ дээ? хэмээн түүний хэлснийг бүрэн дэмжиж байгаагаа батлах гэсэн мэт толгойгоо дохилоо. Эргэн тойрон уулс сүглийж байдаг газар, одоо гүйлгэнэсэн хэдэн хар дов болж хувирчээ. Тэр бүгдийг харахаар сэтгэл улам түгшүүртэй болох тул нүдээ аниад сандалдаа улам шигдэн суулаа.

-Ямар сайхан бүжиглэдэг гэж санана. Тийм, ээ гэхэд нь зөвхөн толгой дохисонд тэр харсангүй. Тэгэхээр нь автобусанд суугаа бүх хүн сонсохоор чангаар,

-Би энэ насандаа тийм уян зөөлөн биетэй бүсгүй хүнийг хараагүй гэлээ. Гэтэл тэр нүдээ эргэлдүүлэн өндийж ирснээ, сандлынхаа түшлэгийг базлан байж,
-Зөөлөн гэнэ, ээ. Чи биенд хүрч үзээ юу? Зөөлөн гэдгийг нь чи яаж мэдсэн юм бэ? Үнэхээр ер бусын зөөлөн байна уу? гэж ар араас нь угсруулан асууж гарлаа. Гэнэт буруу үг санамсаргүй алдсанаа мэдсэн ч түүнд худал ч болтугай гайхуулмаар санагдаад:

-Олны нүд хариулж байгаад түүнийг би тэвэрч үнссэн юм. Бүр уруул дээр нь гээд нүдээ аньлаа. Дотроо түүний царай яаж зэвхийрэхийг төсөөлж бодонгуут инээд цээжнээс булталзаад хариугүй гадагш нь алдчихсангүй. Биеэ хүчлэн барьж инээдээ дарлаа. Үнэхээр тэр хуриманд уригдсан бүх хүн түүнийг тэвэрч аваад уруул дээр нь шуналтайгаар үнсэхийг дотроо хүсэмжилж байсан гэдэгт мөрий тавьсан ч бэлэн байна. Хөгшин залуу, эр эм ялгаагүй гэвэл арай дэгсдүүлсэн болохгүй билээ. Нүдийг нь үүрийн цолмонтой зүйрлээд хэрэггүй. Учир нь тэр одноос ч тунгалаг, тэр одноос ч гэрэлтэй, тэр одноос илүү цацарч байсан юм. Далайн ероолын сувдаар чимэглэж сүлжсэн хар гэзгийг ёстой л гүн шөнийн тэнгэр хийгээд тэнгэрт чимсэн ододтой зүйрлэвэл дөхөхөөр байлаа.
-Чи сүйт залууг нь олж харсан уу? Тийм охиныг гэргийгээ болгодог ховорхон азтай эр бий дээ? гэсэнд тэр хүзүүгээ гүрдийлгэн онигор нүдээ байдгаар нь бүлтийлгээд:

- Чи бас олж хараагүй юм уу? Би хуриман дээр цугласан бараг бүх хүнээс асуусанш дээ? Хэн ч олж хараагүй байналээ. Ингэхэд чамайг ер нь хэн урьсан юм. Чи хэнийх нь ах дүү болж байна гээд бүх насаараа цагдаагийн мөрдөгч хийсэн хүний нүд гаргаж, лавлан асуув.

-Би урилгатай, гэхдээ хэн ч надад өгөөгүй. Хуримын өмнөх өдрийн өглөө л тэнд заавал очих ёстойгоо мэдсэн юм.

-Яаж гэдгийг чинь мэдэж болох уу?
-Зүүдэндээ л...Тэр сандлаасаа огло үсрэн босоод, гар тээшний хайрцаг мөргөлөн байж, автобусны цонхоор ийш тийшээ гайхшран харснаа,

-Энэ гадаа чинь юу болоод байгаа юм бэ? Хайлаад байгаа юм уу даа? гэснээ, сүлбээр зүүгээр тогтоосон цамцныхаа энгэрийг ярж, туранхай цээжээ ил гаргаад:
-Би бас асуусан тэр хуриманд нэг ч хүн урилгаар ирээгүй, бүгд л зүүдлэсэн байгаа юм. Харин түүнийг тэвэрч үнссэн гэдэг чинь уур хүргээд байна. Чи яасан гэж, ямар алдар гавьяатай гэж түүнийг үнсэж таалдаг билээ. Энэ үед бороонд орсон автобусны дээвэр хайлж гадаа дотор хоёр зааггүй болоход хүмүүс сандралдан бужигнаж гарав. Би түүний нүдийг сэмхэн буландан харвал, уур хилэнтэйгээр гялалзах агаад юу юугүй цохиод авахад бэлэн гараа тас зангидаж, туранхай цээж нь сүртэй нь аргагүй оволзож байлаа. Автобус хэдийнээ зогсоод жолооч залуу хажуугаар том том харайн гүйх зуураа:

-Та хоёр чинь энд үлдэж хайлах гээ юу? Бушуухан наанаасаа гараач хэмээн хашгирсаар өнгөрөв. Гэвч бид хоёрын хэн нь ч хөдөлсөнгүй. Түүний нүд улам хурцаар гялалзан, хоёр гараараа намайг заамдан аваад, хэсэг сэгчсэнээ:

-Чам шиг муу эр түүнийг илж таалсан байх учиргүй. Тэр тэр, тэр бол, тэр бол тэнгэрийн гүнж мэдэв үү? Өтөл муу газрын биднийх биш, чи бид хоёр шиг өт хорхой биш, гээд хайлж дуусаж буй автобуснаас үсрэн бууж өтгөн лав үсчүүлсээр гүйж одов. Түүний араас хэсэг харж зогсоод би хоргодох газар хайхаар хандсан зүг рүүгээ гүйлээ. Эцэстээ хөл хүндрээд урагш ахих аргагүй болов. Тэгээд бодож эхэллээ.

* * *

Тамхиныхаа үнсийг тэр сурмаг гэгч нь унагаагаад, утааг нь хоосон агаарт угалзаруулан үлээж, торгон оймсныхоо хээг удаан гөлөрснөө:

- Миний хурим маргааш болно. Чи ирэх юм байгаа биз дээ? Чамайг ирэхгүй бол энэ насаараа гомдох байх шүү? Магадгүй ирэх төрөлдөө ч гомдож мэдэх юм гэснээ хачин чангаар инээв.
Өмнө нь ийм наалинхай байсныг санах гэж оролдоод бүтсэнгүй. Дэмий л толгойгоо өвтгөснөөс хэтэрсэнгүй. Нэг орой өөрөө л хаалга тогшоод, өөрөө л хувцсаа тайлаад, өөрөө өвөрт ороод ирсэн түүнтэй хэзээ яаж танилцсанаа ч санадаггүй юм. Зарим өглөө яваад л өгсөн байдаг, зарим өглөө унтаад л хоцордог түүнээс нэрийг нь бараг асуугаагүй байж мэднэ. Учир нь санах гээд чадаагүй юм.
- Хэнтэй хуримлах гэж байгаа юм. Би таних залуу юу?

- Тэр нууц, аа. Ямар ч байсан чи ирээрэй. Надад харин ямар ч бэлэг хэрэггүй шүү? Зүгээр л чи энэ биеэрээ морилон ирэхэд л хангалттай. За маргааш миний хуриман дээр уулзая гэээд хаалга зөөлхөн хаагаад гарч одов.
Араас нь ямар нэгэн зүйл дагаад гарах шиг санагдав. Тэгээд зүүднээсээ сэрлээ. Миний урилга ердөө зүүд. Өөр юу ч биш. Харин хуриман дээр бүгд л сэрүүн байсан даа? хэмээн бодож зогстол тэр миний хажууд зэрэгцэн ирээд:

-Тэр чам дээр хэд дэх өдөр ирдэг байсан юм. Юу, чам дээр биш, чиний зүүдэнд
-Өдөр бүхэн...
-Худлаа, мэдэв үү? Чи намайг түүнд хайртайг мэдээд санаа сэтгэлээр минь хорлох гэж байна. Тийм байх учиргүй. Би л зөвхөн түүнийг чин үнэнээр хайрлаж чадна. Тэр Борооны эзний охин. Үүнийг ганцхан би мэднэ. Учир нь би Салхины хүү гэсээр хайлж дуусаад нэгэн овгор хар зүйл болсон автобус руу үсрэн оров. Санамсаргүй ийм хачин хүнтэй зам таарч явсандаа бие нэг л тавгүй болж, хайлмагтаад шалчигнаж буй хар замаар цааш арай ядан гэлдэрлээ.

Гадаа нэгэнт харуй бүрий болж одод тэнгэрт өчүүхэн гэрлээрээ сүүмэлзэн байхад гэнэт хамаг юм хайлж урсахаа болив. Хараахан хайлж ууршаагүй хүмүүс баярлалдан дуу алдах энд тэндгүй сонстоно. Удалгүй тас харанхуй орчныг нөмрөөд зүг чигээ нэгэнт алдсан тул хэдэн овгор харын дунд суугаад зүүрмэглэжээ.

-Би явахаас даа? Аав уурлаад, миний аав Бороо ш дээ? Харин би чиний эхнэр болсон шүү? Тэр өдөр миний хуриманд ирсэн бүхэнтэй би суусанш дээ? гээд саатай алчуураа зориуд мөрнөөсөө унагаад явж одов. Тэнгэрт нэг үл мэдэх гялтагнасан зүйл үзэгдээд гэрэл нь арай сарниж амжаагүй байхад сэрлээ. Дэргэд унасан саатай алчуур харанхуйд алмазны үйрмэг мэт харагдана. Түүнийг авч үнэрлэвээс борооны чийглэг үнэр хамар цоргив.

Өглөө эрт автобуснаас үлдсэн овгор харыг очиж үзэв. Түүнийг эндээс оглоо үсрэн гарч ирээд “Би түүнд хайртай, чи муу, чам шиг газрын амьтан... Би Салхины хүү ” гээд хашгирах юм санагдаад удаан суулаа. Эцэст нь босоод овгор харыг онгичиж гарав. Тэгээд голоос нь түүний зүрхийг олж авав. Гарт хүчтэй лугших Салхины хүүгийн зүрх тэр нэгэн өдөр ээрэм тал дундуур морьтой давхисан мэдрэмжийг минь эргэн сануулав. Эрх дураараа, салхи шиг чөлөөтэй байхын ад хүслэн намайг эзэмдэж, юунд ч хоригдож цагдахгүй байхаас сайхан зүйл амьдралд байхгүй мэт санагдаж байж билээ. Одоо бодоход тэр өдрийн орой Борооны охинтой анх зүүдэндээ амрагласан ажээ. Энхрийлэн таалах дур хүслийг минь салхи надад авчирсан санагдав. Салхи, салхи өмнө нь яагаад мэдсэнгүй вэ?
Хөндий хоосон цээжиндээ булгилан цохилох зүрхийг суулгав. Хэзээ зүрхгүй болсноо ч санах юм алга. Ингэхэд тэр гэдэг чинь би өөрөө би гэдэг чинь Салхины хүү... Харин Борооны охин. Санах юм даанч алга.

2011-01-25

С.Бат-Эрдэнэ.

  БАГЫН ЯВДАЛ№ ҮЕРХЭЛИЙН ЗУРВАС
Би бодолд автанхан, бага залуу насаа дурсанхан суунам. Эдүгээгээс яг л гучин намрын тэртээх аз жаргалтай, бас гүн айдастай ”Гүн айдастай” байхын учир нь “дэг, диаграмм” хэмээх нэгэн бодлын магадгүй ямарч утга учиргүй зодуур, нүдүүр, харгислал, нөгөө талаар эр хүнийг эр хүн шиг болгон хатаан, хатуу хүтүүг сөрөн зогсох бие сэтгэлийн асар их хат өгөн хатуужуулсан амьдралын их сургууль ч юмдаг уу даа. Энэ талаар би дээр үед бичиж байсан даа.

Хэрвээ сонирхвол: “С.Б.Бат-Эрдэнэ: ДИАГРАММ” гэсэн түлхүүр үгээр гүүгэл агаагаас хайлт хийхэд гараад ирэх байхаа хө тийм л нэгэн цаг үе, өөрийнхөө арван зургаахан настай, гэнэн цайлганхан хүүхэд насыг дурсан санан, “Хмм, дахиад арван зургаатай ч болоосой” хэмээн туулсан амьдралдаа алдсан алдаа болгоноо чадвал оносон оноо болгон хувиргамаар ч юм шиг нэгэн эгдүүтэй бөгөөд адармаатай бодолд автан, алдсан алдаа болгоноо бодохдоо өөрийн эрхгүй гуниглахдаа гуниглан, шоолон жуумганахдаа мушийн инээмсэглэж, оносон оноо болгоноо дурсахуйд бардамхан сэтгэл минь “Чи чинь Баагий шүү дээ! Чамаас өөр хэн ч тэгж чадахгүй л...” хэмээн өөрийгөө ихэд бодон омойтон суунам.



Алдаж, онодог хүний амьдралаа гэж, эргэн дурсан суухуйд бас ч гэж сайхан юм даа. Тиймээ, ай яа ахиад хэзээ ч эргэж ирэхгүй алсын алсад алсарч, одоо бол сайхан дурсамж болон одсон арван зургаахан нас минь! Эдүгээ, өнөөдөр л би, ердөө дөнгөж сая л анзаарч үзвээс өөрийн бичсэн энэ л бүх нийтлэл, тэмдэглэл, бодрол, өгүүллэг, тууж тэр ч бүү хэл шүлэг, найраглалынхаа эхийг тэгэхэд л, тэртээ алсын арван зургаахан насандаа тавьж байж дээ хэмээн буюу тэр л үед би анхлан үг холбон, үерхэлийн захиа бичиж үзсэн ажээ. Тэр л арван зургаахан насандаа анхлан хилийн дээс алхан, хүний нутаг гүний газарт эр хүн болох замдаа шуудран, дэг гээч хатуу амьдралыг үзэн, зодуулахдаа зодуулж, сөрж босохдоо сөрж босон хорвоогын хатуу, хүтүүг үзэж амтлах, эр хүн шиг эр хүн болох анхны алхамаа хийж, амбаарын ТМС-ын оюутан Ай яа яа, “оюутан” гэж аймаар бүлтэрсэн болсон тэрхэн үед бодвол бусдыг дуурайж эр хүнэнцэр болох гэсэн юмдаг уу даа, нэгэн охинд амьдралдаа анх удаагаа “Үерхэлийн зурвас” бичиж үзэж дээ. Түүнээс өмнө ганц нэгхэн юм л захих гэж новшрон ахдаа л захиа бичиж л байснаас өөрөөр хэн нэгэнд захиа занаа, зурвас ер бичиж байгаагүй хэрэг л дээ. Тэр үед одоотой адил цахим техник- хомпүүтэр энээ, тэрээ гэж байсан биш.

Ар гэрийнхэнтэйгээ холбоо барих ганц хэрэгсэл нь урьдчилж захиалгаа өгөөд утсаар ярих, тэр нь үнэтэй болохоор ер нь ярихгүй дээ, гэрээс л захиалга өгвөл тэсэн ядан хүлээж байж гуравхан секунд шиг харван өнгөрөх гурван минутанд аль болохоор ихийг яриад авахыг бодно. Харамсалтай нь хоёр талаасаа улс гүрэн алгасан “Байна уу? Байна уу?”- дсаар нөгөө цаг нь дуусаж ганцхан торхийгээд л тасарч орхино доо хөөрхий гэж. За тэгээд холбоо барих хэрэгсэл гэвэл захидал бичих л байж. Харин ч нэг залхуураад захидал бичэхгүй нь сайхан даа. Ах, эгч нараасаа, ар гэрээсээ, анд найзуудаасаа ирсэн захиаг авах гэж “Бүжиглээрэй, бүжиглээрэй!” гэснийх нь зоргоор бүжиглэхгүй бол захидлыг минь өгөхгүй зовооно. Өөрөө захиа унших дуртай мөртлөө өөрөө захидал бичих үнэн дургүй, дургүй ч юу байх вэ дээ, асар залхуу байж дээ. Ах, эгч нар маань “Чи ядаж амьд, мэнд гэдгээ нэг мэдэгдчихэж байгаач!” хэмээн захиагаар зодоход нь хариу ганц ил захидал дээр “Би амьд!” гэсэн хоёрхон үг бичээд хаяглаад л явуулчихаж байсан бүтэхгүй, залхуу хүүхэд байж дээ.

Тийм залхуу хирнээ дэргэдээ байгаа үеийн охинд болохоор анх удаа өөрөө гараа гарган байж үерхэлийн захиа бичсэн түүхтэй гэж байгаа. Анхныхаа үерхэлийн зурвасанд юу гэж бичсэн минь яг одоо суугаад бичиж буй мэтээр санаанд үг үсгийн зөрүүгүй дурайж байх шиг вэ гэснээс тэр бяцхан зурвасыг сэтгэл гээч амины алтан хомпүүтрээсээ copy- paste хийвээс:

-Добрый вечер? Төгсгөлийнх нь ”а” үсгийг оройн хоолтойгоо холиод цохичихсон бололтой Гэхдээ добрый утро ч байж магадгүй, чамд шуудан хүргэгчээр Яг л шуудан хүргэгч Печкин байж харагдаач! Өрөөний гурван андын маань нэг нь байх нь мэдээжийн хэрэг энэхүү зурвас хүрч очих тэр цаг мөчийн чинь мэндийг чинь мэдье! Нялуунаас шулуун, нялцгайгаас хатуу нь дээр гэсэн юм. Шулуухан хэлэхэд би чамтай үехмээр ”р” үсгийг нь бас хоолтойгоо холиод идчихсэн л. Энэ бүхнийг яг таг санахын учир нь нөгөө охин маань энэ хоёрхон бяцхан алдаан дээр минь дөрөөлөн намайг мөн ч олон удаа ичээсэн дээ байна. Хариуг заавал одоо гэхгүй, завтай үедээ заавал өгөхийг бодоорой! Фа, “заавал өгөхийг бодоорой!” гэчихжээ бас, ультумат- тулган шаардах бичиг юм биш үү? Энэ чинь одоо, хэ хэ КИП и Автоматикийн 4-р группын үеийн танил Б.Бат-Эрдэнэ чинь...

Айя, бас... Б.Бат-Эрдэнэ чинь... гэчихжээ, дөнгөж горьдлого өвөртөлж буй мөртлөө аймаар, лаг дотносон “чинь” гээд л лагаа, лаг. Тэр нэгэн эгэл жирийн хөдөөгийн борог бааз охины юунд нь болсон юм байгаа юм, ямар боловч арван зургаахан настай цэл залуухан Баагийгийн нүдээр л харсан юмдаг уу даа, тэр нэгэн охинтой амьдралдаа арваад удаа хүчээр хөтлөлцөж, хөөрхий минь сүүлдээ өрөвдсөн үү, яасан юм тав зургаахан удаа сугадуулж, хоёрхон удаа хацар дээр нь хальт үнссэн Нэг нь төрсөн өдрөөр нь, нөгөө нь мартаар юмсан, харин өнөөдөр бодоод, бодоод сэтгэл хэмээх хувийн хомпүүтрийнхээ хэдхэн гегабайт багтаамжтай өчүүхэн хаард дискнээсээ гүүгэлдэн хайгаад, хайгаад вирустчихсан юмдаг уу даа, ер төрсөн огноог нь хайгаад, хайгаад огт олсонгүй, лавтай хавар, дөрөв дүгээр сард санагдана. юмсан. Харин тэр бүхнийхээ төлөө хоёр дугаар курсын “ах” нэгэн Баагийд чамгүй олон удаа шоглуулан батируулж, цаг цагаараа байдаггүйн учир цаг нь ирэхэд мань эрийг ч мөн ганцхан удаа боловч үнэхээр “чанарын тэмдэг” авахаар чанарлаг нухаж, сургаж өгсөнөө дурсан санан суухуй дор, өөрөөсөө ямххан доор ядруу нэгнийг алагчлан үзэж дээрэлхэх, өөрөөсөө төө илүү нэгэнд нь цаг үргэлжлэн долигонон далдаак царайлах нь хүний амьдралын өөрийгөө авч явах нэгэн инстект санагдах ажгуу. Хүнийг хэлэлтгүй би ч мөн ялгаагүй, өөрийн дийлэх нэгнийг дэндүү дээрлэхэн, бяраа гаргаж, өөрөө яагаад ч дийлэхээргүй нэгэнд улайм цайм доль хамж, долингортоод байхгүй ч зайгаа бариад болгоомжтойхон явчихаа мэддэг л нэгэн.

“Үерхэдэг охин”- ыг минь булаацалдагч хоёрын ах бол аль хэдийнээ хоёрдугаар курст орчихсон хирнээ засаг цэнхрээсээ салаагүй нэгэн байсан агаад нэг дүгээр курсэд байхдаа юун тэр охин эргүүлэхтэй манатай, орон доогуур шургаж, хувцасны шүүгээнд бүгсэн нэгэн байсан юм гэсэн. Ах нар нөхрийг маниудын, нэгийн дүү нарын нүдэн дээр доош хийдэг байсан юм. Мань эр муугаа мэдэхгүй нэгийн дүү нарыг жинхэнэ дэглэдэг яргачин болчихсон байсан болохоор юм үзэж, нүд тайлсанууд нь нөхрийг үздэггүй, өөрсдөө дургүй болохоороо тэр шүү дээ. Мань эрээс болоод өөрсдөө нэгд байхдаа хоёрынхоо ах нарт чамгүй авахуулчихдаг байсан гэдэг юм. “Өө муу Хэн ээ, чи восифтатель* Марияа Ивановна гуайг гуйгаад кладовкад** гаднаасаа цоожлуулж явсан чинь үнэн биз дээ? Чи мөн мундаг хувирчээ” хэмээн доош нь хийхэд “худлаа хуцаад байгаарай” хэмээн амандаа бувтнаад л өнгөрдөг байсансан.

За ингээд анхны үерхэлийн зурвас бичиж үзэн, тэр нэгэн эгэл жирийн л нэг, байдаг л нэгэн бор охины хойноос хөөцөлдөөд “Ах нарын хажуугаар охинтой томорч алхсан” хэрэгт орж овоо ч нулиулж, овоохон ч дэглүүлсэн боловч тэр охиныг өөрийн болгож авч дөнгөөгүй ч залуу насаа дурсан суух овоо хэдэн гэрэл зураг түүх болон үлджээ. Өрөөнийхөө гурван андтай, үерхдэг охидуудынх нь хамтаар, бүгд өөр өөрсдийн охиноо урдаа суулган, өөрсдөө хоёр мөрөн дээр нь гараа тавин даруулсан патиаран дээр ч би мөн л нөгөө охиныхоо ард зогсоостой. Тэр л нэгэн үеийн бор охинтой мэдэхгүй хүнд бол ч яг л үерхсэн юм шиг харагдахаар, хамтдаа авахуулсан маш олон зурагнууд зургийн цомогт минь одоо хүртэл бий.

Ер нь надад иймэрхүү охид хүүхнүүдтэй хослон авахуулсан зурагнууд нэг биш нэг хэсэг л байдаг юм. Гэрэл зураг түүх болон үлдэнээ гэдэг үнэн шүү. Бага, залуу насны минь дурсгалтай үеүдийг яах аргагүй санагдуулаад байдаг, нэг л гоё дурсамжтай агшинууд хадаглагдан үлдсэн нь дахиж олдохгүй торгон агшинууд л даа. Гэвч би Дон Жуан биш л дээ. Тэр зурагнуудаас ганцыг нь ч дутаалгүй тэр чигт нь өөрийнхөө зургийн цомогт хадгалаад үлдээчихсэн анх яаж байсан, яг л тэр янзаараа одоо хүртэл анх яаж байсан тэр л хэвээрээ одоо ч гэрт маань байж л байгаа. Тэр цомогноосоо энэ хүү он цагийн уртад зах нь шарлан, өнгө нь бүдгэрсэн зургийг хүүгээрээ олуулан зургийг нь авхуулж өөр лүүгээ илгээлгэх жишээтэй. Тэглээ гээд ханилсан хань минь юу ч хэлэхгүй л дээ. Яагаад вэ гэвэл бидэн хоёр он цагийн уртад нэгэнтээ бие биендээ уусан шингэж, бие биенээ дэндүү мэддэг, дэндүү итгэдэг, энэ насныхаа амьдралд нэгэн цул болсон хоёр учраас тэр. Анхлан ханилахдаа ч “Миний урьдны амьдрал урьд нь нэг их амьдрал зохиож байсан ч юм шиг, лагаа лаг урьдных, чиний урьд өмнийн амьдрал ч чиний урьдных! Одооны чи бид хоёрын амьдрал бол бидний амьдрал!” гэсэн ганцхан яриатай нийлсэн хоёр. Түүгээрээ ч болсон. Эхнэр авч амьдрал зохиосон тэр үеэсээ ч хойш охид, бүсгүйчүүлтэй хамтдаа авахуулсан фото зурагнууд зургийн цомогт маань цөөн бишээр нэмэгдсэн л юмдаг. Харин эрхэмсэг уншигч авхай нар минь эхнэрийн минь өмнөөс буруугаар ойлгоод, битгий хардаад, хадуураад явчихаарай даа! Санууллаа шүү хө. Хар, хардах гэдэг чинь зүгээр л өвчин юм. Харин хайрлах, итгэх, итгэл сэтгэлээ өгөх гэдэг чинь тэр хардах, сэрдэхээс чинь тэс өөр, ёстой аугаа юм шүү!

Өнгөрсөн зууны наяад оны сүүлч, ерөөд оны эхээр би хөдөөгүүр томилолтоор явдаг ажилтай байлаа. Хотод арван хэд хоноод л Тэрэлж, Сөгнөгөр, Жанчивлан, Баянбуурал... гэгээд ядаж байхад дандаа хаана л амралт, сувиллын газар байна тийшээгээ хоёр долоо хоногоор, магад ч үгүй хоёр, гурван сараар ч ажлаар жилийгээд өгнө. Тэр болгондоо зургийн цомгондоо нэмэх ганц хоёр бүсгүйтэй хослон авхуулсан зурагтай ирж зургийн цомогоо баяжуулаастай. Үгүй мөн сайхан Дон Жуан харагдаж байна уу? Тийм биш л дээ, би гээч амьтан дуу, хөгжим, бүжгинд асар дуртай нэгэн учраас надад нийтийн бүжгэнд хөл нийлүүлэн бүждэг асар олон партнёр- хослон бүжигч бүсгүйчүүд л байсан хэрэг шүү дээ. Тэр ч бүү хэл эхнэрийнхээ ажлын үдэшлэгэнд хамтдаа орчихоод ханилсан ханьтайгаа ганц хоёрхон бүжиглэчихээд шал өөр бүсгүйтэй ёстой жинхэнэ хатираад алга болж өгдөгсөн.

Өөрийнхөө ажлын нийтийн бүжиг, үдэшлэгэнд ирчихээд ч мөн л адил шүү дээ. Нээрээ хориод жил бүжиглэсэнгүй дээ, нэээээээг сайхан нийтийн бүжгэнд орж, хөл нийлэх хөнгөхөн хөлтэй партнёр олчихоод л ёстой нэг сэнсэртэл нь эргэмээр санагдаж байх чинь вэ гэж. За тэгээд төдийгөөс өдий хүртэл муу ханьтайгаа ханиллаа, хоёр биенээ хардаж явсан түүх л алга шиг вэ дээ гэснээс хар бол яахын аргагүй өвчин л дөө. Миний тэр албан томилолтоор хэсдэг байх үед манайд нэг “Хэн” ах байлаа л даа. Болж л өгвөл томилолтоор явахгүй үлдчих гээд, элдэв арга саам хэрэглээд, бултаж бухаад байна. Яалт ч үгүй томилолтоор явлаа гэхэд очих газраа очоод л орж, гараад л...Хэнгэнэтэл санаа алдаад л... Тэгж , тэгж байгаад гэнэтхэн нэг шалтаг тоочоод л авч яваа бригадын даргаа шаналгасаар байгаад нутаг гүйдэг морь мэт эргээд л Улаанбаатарын зүг түрүүлээд л алга болдогсон. Нэгэн хамт олон гэж арваад жил явчихсан болохоор яагаад тэгдэгийг нь бүгд л түүнийг нь мэднэ. “Халхад байхгүй сайхан авгайтай” хүн юм гэнэ билээ. Хожим нь би нэг удаа тэр “Халхад байхгүй сайхан авгай”- г нь харах завшаан тохиолдсон, хэн мэдэх вэ цус гэж, нэг л ногоон нүдтэй бүдүүн шар авгай л байсандаг. Магадгүй би нөгөө “Хэн” ахын нүдээр харж чадаагүй л юм байлгүй. Цаг үргэлж ханилсан ханиа хардан махлан тэгж амьдрахад амьдралд ямар утга байх вэ дээ. Хар бол ердөө л өвчин юм, түүнээс хайр сэтгэл бол огт биш ээ! Ханилна, ижилсэнэ гэдэг хайрлах, итгэхийн нэр болохоос өөрийн болгоод өвөртлөөд авчихвал амины, хувийн өмч шигээ санан цагдаж, хардахын нэр биш л байхгүй юу.

За тэгээд юу гээд явж байсан билээ, баахан далийгаад явчихаж. Гэв гэнэт ингээд ярьж байсан сэдвээсээ хазайгаад, хадуураад явчихдаг минь бас ч гэж гэм биш зан юмсан уу даа. Аа тийм, харин өрөөний гурван анд маань намайг бодвол нөгөө охидуудтайгаа жинхэнэ үерхэж байсан хэрэг. Үсээ уртаа гэгч ургуулан, голоор нь хагалан самнаад, хоорондоо нэг их төстэй, нэг л их эрээн өнгийн пиджакнуудаар гангарч, томоо далбагар захтай эрээн, мяраан нь дэндсэн срочкон цамцны захыг нь босгон өмсөж гангарсан арван зургаахан настай жаахан хүүхдүүд. Өөрөө зурвас бичээд нөгөө охиноо өөрийн болгож өгч чадаагүй ч харин маш олон хүнд их ч олон үерхэлийн зурвас бичиж өгөн тэр нь үүргээ амжилттай биелүүлсэн тохиолдол маш олон бий. Өнгөрсөн зууны наяад он гэдэг бол захидал бичих хуучны мода яг л ид өөрчлөгдөж байсан тийм цаг үе. Түүнээс өмнө хүмүүс хайрын захиа ч тэр, энгийн захиаг ч тэр:

...СССР улсаас гаралтай
Сэвсгэр цагаан цаасан дээр
Дурлаж бичсэн захидлын минь
Дугаар номер нэг... гэдэг ч юм уу,
...Нарнаас саранд,
Навчнаас цэцгэнд
Надаас чамд... гэх маягаар, магадгүй
...Алд цагаан цаасаар
Алаг зүрхээ орлуулж
Алтан номын үсгээр
Амрагийн захиаг тэрлэнэм... гэх зэргээр шүлэглэж бичдэг байсан мода хэдийвээр мартагдаж байсан ч тэр захиануудыг тэр чигээр нь, байгаагаар нь гараараа copy- paste хийгээд наадаг гарууд ч байсан болохоор тэднээс шал эсрэгээр товчхон бөгөөд тодорхой тэрлэсэн миний анхны үерхэлийн зурвасыг нэрийг нь солиод туусан үеийн анд нар минь ч бас л олон бий. Зарим нь “Нэг тиймэрхүү утгатай, иймэрхүү санаатай” хэмээн захиалгаа өгөн нилээн хэдэн янзаар үерхэлийн захиа бичиж байсан санагдавч харамсалтай нь хэдийвээр бүтээгүй боловч өөрийнхөө чин сэтгэлээсээ бичсэн анхны “Үерхэлийн зурвас” маань л өөрийн минь санаанд хадагдаж, хадаглагдаж үлдсэнээс биш өрөөл бусдын захиалгаар, өөр хүний сэтгэл зүрхний үгийг өрөөлд хүргэх гэж бичсэн тэр зурваснуудаас санаанд хадаглагдаж үлдсэн нь даанч нэг үгүй л ажгуу.

Хожим нь тэр цагаас долоон намрын дараа, цэргээс халагдаж ирсэний дараахан нэгэн бүсгүйгээс дөрвөлжин шугамтай дэвтрийн тал хуудсан дээр, гаргацтай хирнээ гоёор таталган бичсэн:

...Чи миний ханашгүй жаргал

Чи миний хагацашгүй амьдрал... гэсэн нэгэн дууны дахилт хоёрхон мөрийг хүлээж авахдаа, өөрий эрхгүй өр зүрх минь догдлонхон, итгэж ядан зогссон минь яг л өчигдрийн өдөр шиг тодоос тод нүдэнд дурайх ававч аль хэдийнээ хорин гурван намар өнгөрч, хоёр бие минь тавуул болон амьдрал хэмээх урт холын замд одоо хир нь бидэн хоёр хөл нийлүүлэнхэн алхаж яваа, нартын элгэнд хайраар дутааж, гундааж болохгүй, насны ганц хань минь байсан ажгуу. Хоёрхон мөр, наймхан үг, нарийн яривал зургаахан үг, энгийн юм шиг хирнээ хүний нэгэн насны амьдралын зүг чигийг зааж өгөх ид шидтэй нь энэ буюу.

Тийм ээ, бидний үеийнхэн дотор үерхэлийн зурвас бичиж үзээгүй эр хүн, мөн хэн нэгнээс үерхэлийн зурвас хүлээж авч үзээгүй охин тун ч нэг өдрийн од шиг цөөн байж магадгүй ч үерхэлийн зурвасаар эхлэж үерхэн, улмаар хайр дурлал болон хувирч, насныхаа ханийг олцгоосон насан багын андуудаа дурсан суухуй дор сэтгэл нэг л хөнгөн гунигт автан байх нь ахиад хэзээ ч эргэж ирэхгүй алсран одсон арван зургаахан насаа эргэн дурссаных буйзаа.