2011-04-18

Наранбулаг сумын Засаг дарга Ц.Загдсамбар: Хөгжлийн төлөө бүхнээ зориулна



Аймгийн ИТХ-ын 7-р тойргийн төлөөлөгч бөгөөд Наранбулаг сумын Засаг дарга Цэвээний Загдсамбарыг энэ удаад “Төлөөлөгчийн индэр” буландаа урьж ярилцлаа.

-Та аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоноос хойш тойрогтоо ямар ажил хийж амжуулав?

Орон нутгийн 2008 оны сонгуулиар нутгийн зон олон, төр түмнийхээ итгэл, сэтгэлээр өөрийн төрсөн нутаг Наранбулаг сумын 7-р тойргоос аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон улмаар сумын Засаг даргын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилогдон 3 дахь жилдээ ажиллаж байна.

Энэ хугацаанд Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, зорилтыг хэрэгжүүлэх, сум орон нутгаа хөгжүүлэх, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлэх, ажилгүйдэл ядуурлыг бууруулахад чиглэсэн нэлээд ажлыг хийж гүйцэтгэлээ. Эдгээрийн заримаас нь дурдвал: 2009 онд 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга, 2010 онд сургуулийн 4 ангийн өргөтгөлийн барилгыг тус тус ашиглалтанд оруулсанаар бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачууд тохилог, таатай орчинд сурч боловсрох нөхцөл боломж бүрдлээ.

Мөн орон нутгийн мэдээлэл холбооны нэг цэгийн үйлчилгээний төвийг 217.7 сая, орон нутгийн хайгуулын болон ашиглалтын лицензтэй компани, иргэдийн хандив дэмжлэгээр Сүсэгтний холбооны барилгыг 7 сая, “Тогтвортой амьжиргаа-2” төслөөр ногоон байгууламжийг 0.5 га-д 2.9 сая, Улсын төсвөөр 2 багийн төвийг 6 сая төгрөгөөр тус тус засварлаж тохижууллаа.

Хорооллын эхэнд “Ус-Эрдэнэ” компаниар 13 сая төгрөгийн улсын төсвийн санхүүжилтээр гүн өрмийн худаг гаргаж ашиглалтанд орууллаа.

Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж амьдралын баталгаажих түвшин доогуур үзүүлэлттэй нэн ядуу 5 өрхөд гэр олголоо. Гүнбүрд багийн Засаг даргыг аймгийн Засаг даргын нөөцөөс үнийн 50 хувийн хөнгөлөлттэй, Алдар багийн Засаг даргыг орон нутгийн давсан орлогоос 2 сая төгрөгөөр санхүүжүүлж унаажуулаад байна.

Тус суманд хэрэгжиж байгаа НЦСҮ төслөөр Ахлах сургуулийг 71.2 сая төгрөг, цэцэрлэгийг 29.5 сая төгрөг, хүн эмнэлгийн салбарыг 1.1 сая төгрөгийн хатуу зөөлөн эдлэл, техник тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, “Тогтвортой амьжиргаа-2” төслийн Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн удирдлагын чиглэлээр 17.7 сая төгрөгөөр бэлчээр уст цэгийг хамгаалах хадлангийн талбай хаших, Орон нутгийн санаачилгын сангийн чиглэлээр 49.3 сая төгрөгөөр байгууллагын дотоод тохижилтыг сайжруулах, Үр дүнд түргэн хүрэх санаачлагын сан төслөөр 29.6 сая төгрөгөөр сургууль, цэцэрлэгт бүрэн хэрэглэлтэй гал зуух бүхий 2 хос гэр, компьютерийн иж бүрэн кабинет, цахим номын сан, биеийн тамирын заалны хивс, бөхийн хэрэглэл нийлүүлж, Эрүүл мэндийн сайдын багцаас 18.3 сая төгрөгөөр хүн эмнэлгийн машины парк шинэчлэл хийлээ.
Иргэд, сонгогчдынхоо санал санаачилгад тулгуурлан хамгийн өндөрлөг цэг

Хүрмийн овоог тахилгатай болгож, Монголдоо анхдагч арга хэмжээ болох БНМАУ-ын аварга, залуу аварга, Монгол улсын сайн малчдынхаа алдрыг тэмдэглэж, тэдний хийсэн бүтээснийг залуу малчид, хойч үед нь сурталчилж, “Мон-Рос Цветмет” компанийн хөрөнгө оруулалтаар ИТХ-ын төлөөлөгч, ажилтан, багийн ИНХ-ын дарга нарын туршлага солилцох тойрон аялалд 4.9 сая төгрөг тус тус зарцуулсан.

Олон нийтийн байгууллагуудыг тамга тэмдэг, албан бланк бүхий хуулийн этгээд болж бие дааж ажиллах нөхцлийг ханган сан, данстай болгож, залуучууд, эмэгтэйчүүд, ахмад, газар тариаланчид, малчдын чуулган, уяачид, бөхийн холбооны цугларалтыг хийж тэдний дунд тулгамдаж буй асуудлаар санал бодлыг нь сонсож, бусад төрлийн сургалт сурталчилгааны арга хэмжээ тогтмол явуулж хэвшүүллээ.

-Танай тойргийн онцлог, давуу тал?

Манай сум 1100 өрх, 4500 хүн ам, 110 орчим мянган толгой малтай, аймагтаа эхний байранд явдаг томоохон сум төдийгүй хамгийн олон сонгогчтой тойргийн тоонд багтдаг.

Мөн Улаанбаатар, Увс аймгийг холбосон төв зам дайран өнгөрдөг, нэг үгээр хэлбэл манай аймгийн төв рүү орох, гарах үүд хаалга болдог эхний сум учраас сум орон нутгаа гадны хүн бүхний нүдэнд дулаан бүлээн харагдуулахыг хичээж байгаа. Энэ ч утгаараа 2009 оныг сумаа тохижуулах жил болгон зарлаж, гэр хорооллыг жигдрүүлэн нэр хаягтай болгож, орох гарах зам дээр сумын хаяг бүхий самбар байрлуулж, төв зам, гудамж дагуу гэрэлтүүлэгтэй болгосон нь сумын ард иргэдийн талархлыг хүлээж байгаа

Давуу тал гэвэл ажилч хичээнгүй, хөдөлмөрч, энэрэнгүй нигүүлсэнгүй сэтгэлтэй, малч ухаантай, Монгол улсын тэргүүн баян, арван мянгат малчин Б.Иргэл, Дэлхийн 2-р дайны хүнд хэцүү жилүүдэд ах дүү ЗХУ-ын улаан армид 16 атан тэмээ, 93 агт морь, 1600 хонь, арван мянган биет төгрөг, олон зуун элдсэн нэхий бэлэглэж байсан өгөөмөр сэтгэлт, улсын сайн малчин Фронт Бадамын үр удамын хувьд орон нутгийн нэр хүндийг өндөрт өргөж, улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд өөрийн бодит хувь нэмрээ оруулж яваа ард түмнээрээ бахархаж явдаг.

Дэд бүтцээ дагаж хөрш зэргэлдээ Орос, Хятад улсуудтай гадаад харилцаагаа сайжруулах боломжтой бөгөөд цаашид жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээг түлхүү хөгжүүлж, төвлөрсөн зах зээлд ойртох эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, хэтийн хөгжлийн гарц сайтай гэж үздэг.
Манай Алдар баг “Улсын тэргүүний баг” болох амлалтаа амжилттай хэрэгжүүлж, Хужирт баг “Ядуурлыг бууруулах, малын хулгайтай тэмцэхэд овгийн зохион байгуулалтын давуу тал” улсын зөвлөлгөөнийг зохион байгуулж, Засгийн газраас тус хоёр багийн уриалгыг дэмжиж, Монгол улсын бүх багуудад туршлагыг нь дэлгэрүүлэх тогтоол гарч, Улаан-Үзүүр баг “Байгаль орчинд ээлтэй баг хамт олон” болохоор мөн Монгол улсын бүх багуудыг уриалж үүрэг аван амжилттай хэрэгжүүлж эхлээд байна.

-Өнгөрсөн өвөл хаа сайгүй их хатуу болсон. Танай тойргийн сонгогчид хэр даван туулав?

-2010 оны өвөл үнэхээр хүнд хэцүү болж өнгөрлөө. Гэхдээ хөдөлмөрч, малч ард түмэн, төр засаг, сайн санаат хүмүүсийн хайр халамж, сэтгэл итгэлийн хүчинд харьцангуй гайгүй даван туулсан. Хөдөөгийн малчдын хувьд зуданд нэлээдгүй хохирол амсаж, ажилгүйдэл ядуурал тодорхой хувиар нэмэгдлээ. Энэ байдлыг даван туулахад Засгийн газар, гадаадын хандивлагч байгууллагын тусламж дэмжлэг ихээхэн үүрэг гүйцэтгэлээ. Үүнд: Монгол улсын Засгийн газраас 15 өрхийг тус бүр 300 мянган төгрөгний малжуулах төсөлд, УИХ, ЗГ-ын гишүүн, сайд Ч.Хүрэлбаатарын багцаас 17 өрхийг тус бүр 1120 мянган төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй малжуулах төсөлд, Австралийн ЗГ-ын санхүүжилтээр нөхөн үржихүйн насны өрх толгойлсон эмэгтэйчүүдтэй 20 өрхийг малын хашаа саравч барих, хадлангийн талбай хаших, өвс тэжээл, түлээ нүүрс, хувцас, хичээлийн хэрэглэл зэрэг 19 сая төгрөгөөр, Францын өлсгөлөнгийн эсрэг нийгэмлэгээс 230 өрхөд хүнс, хоол тэжээл 89 сая төгрөг, Улаан загалмайн олон улсын хүмүүнлэгийн нийгэмлэгээс 27 өрхөд 9.4 сая төгрөгийн тусламжийг тус тус үзүүлсэн.

-Танай тойрогт нэн тэргүүнд шийдэх шаардлагатай асуудал юу байна?
-Манай сумын хүн амын 2018 нь 0-18 насны хүүхэд өсвөр үеийнхэн. 1351 нь 19-35 насны залуучууд байдаг нь нийт хүн амын 76 хувийг эзэлдэг учраас биеийн тамир, спорт, соёл урлагийн арга хэмжээ өргөн цар хүрээтэй явагддаг. Гэтэл сумын ахлах сургуулийн биеийн тамирын заал байнга хичээл сургалттай, соёлын төв маань үйл ажиллагаа явуулах стандартын шаардлага хангадаггүйгээс шалтгаалан нийтийн биеийн тамир, спорт, урлаг соёлын арга хэмжээ явуулах нөхцөл боломж тааруу байдаг. Иймд 2012 оны төсөвд спорт соёлын цогцолборын барилгын асуудлыг тусгах байх гэж УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууддаа итгэж найдаж яваа. Мөн өнгөрсөн өвлийн зуданд малгүй болсон малчин өрхүүдийг малжуулах, ажилгүй иргэдийг ажлын байраар хангах, тогтвортой орлоготой болгох зэрэг асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа.

-Иргэд сонгогчид голчлон ямар асуудлаар санал гомдол гаргаж байна?
-Ажлын байраар хангах, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, тусламж, дэмжлэг авах, бүсийн нэмэгдэл олгох, бэлчээрийн хомсдолыг шийдвэрлэх зэрэг асуудлыг хөндөж тавьдаг ба өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд хуулийн дагуу зарим асуудлыг шийдвэрлэж өөрөөсөө давсан зүйлийг зохих шатны байгууллагад уламжилдаг.
Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих жилийн хүрээнд аж ахуйн нэгж иргэдээс ирсэн 14 төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн эрэмбэлж дээш уламжилсан. Эхний 4 төслөөс 2 төсөл шалгарч дэмжигдэн П.Хашхүүгийн эсгийний үйлдвэрлэлийг өргөжүүлэх төсөл 9 сая төгрөг, Б.Хүрэлбаатарын цагаан ултай гутлын үйлдвэрлэлийн төсөл 2.1 сая төгрөгийн санхүүжилтийг тус тус авч үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ онд 80 орчим байнгийн болон түр ажлын байр бий болгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь ядуурлыг бууруулах, ажилгүйдлийг багасгахад нэлээд дэмжлэг болно.

-Төлөөлөгч бүрт хуваарилсан 10 сая төгрөгөөр тойрогтоо та юу хийв?
-2010 оны аймаг орон нутгийн төсөвд тойргийнхоо нэн тэргүүнд шаардлагатай тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд зориулж төлөөлөгч бүрт 10 төгрөг хуваарилаж дэмжлэг үзүүлсэн. Миний хувьд хоёр ч Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт ороод хөрөнгө санхүүгийн боломжоосоо шалтгаалан хэрэгжүүлээгүй түүхий эд, хүнс, барааны төвлөрсөн зах тохижуулах, засварлах ажлыг хийсэн. Санхүүжилт оройтож, хүйтэн болсон зэргээс шалтгаалан цахилгаан, засал чимэглэлийн ажил нь хараахан хийгдээгүй байгаа бөгөөд урин дулаан болохоор гүйцэтгэгч компани нь дээрх ажлуудаа хийж ашиглалтанд өгч үйл ажиллагаа нь хэвийн явагдах боломжтой байгаа.

-Төлөөлөгчид гадаад руу туршлага солилцох аялалд яваад байна. Танд явахаар төлөвлөсөн орон байна уу?

-Ажлын төлөвлөгөөнд тусгасны дагуу ээлж дараатай гадаад руу явах байх. Миний хувьд аль ч улс оронд явсан өөрийн сум орон нутаг, тойргийн онцлогт таарсан жижиг дунд үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр илүү сонирхож гэрээ хэлцэл хийх боломжийг судална гэж боддог. Ер нь юм үзэж, нүд тайлж, харж байж шинэ санаа төрдөг төдийгүй тухайн төрсөн бодлоо өөрийн орон нутгийн онцлогт тохируулан хөгжүүлэх нь чухал.

-Та өмнө нь ямар ажил алба хашиж байв?

-Би 1984 онд Улаанбаатар хотын Барилгын техникумыг төгсөж орон нутагтаа хуваарилагдан ирж Барилгын техникч, МХЗЭ-ийн үүрийн дарга, ҮЭХолбооны дарга, АДХГЗахиргааны улс төрийн ажилтан зэрэг албыг 1992 он хүртэл нэг хэсэг хашсан. Зах зээл эхлэнгүүт өөрийн саналаараа ажлаас гарч, анхны хувиараа эрхлэх аж ахуйг байгуулж хувийн хэвшилд хүчээ үзсэн. Уг аж ахуй маань он цагийн эргэлтэнд өсөн дэвжиж, өргөжин тэлсээр эдүгээ “Хэцүү хад” ХХК болж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Энэ хугацаанд өөрийгөө давхар боловсруулж МУИС-ийн Эдийн засгийн салбар сургуулийг эчнээгээр төгсөж, нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. 2005 оноос төрийн албанд орж ИТХ-ын нарийн бичгийн даргын албыг хашиж байгаад 2008 онд энэ албан тушаалд томилогдсон.

-2011 оны зорилтоосоо товчхон танилцуулаач?

-2012 онд тэмдэглэх сумын 60 жилийн ойг угтаж сумын ИТХ-ын 6-р хуралдаанаар “60 жилийн ой угтсан бүтээлч ажил”-ын төлөвлөгөө гарган батлуулж, сум орон нутгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийгдэх гол ажлуудыг 2011 оны зорилтдоо тусгаж өгсөн. Мөн Монгол улсын загвар сум болох зорилт дэвшүүлэн болзол журмын заалтыг албан газрын менежер, төрийн захиргаа, үйлчилгээний албан хаагчдын үр дүнгийн болон бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд тусган сумынхаа иргэд, айл өрх бүрээр “Хэвшүүлэх зүйл” боловсруулан мөрдүүлэхээр өгч зөв, соёлч боловсон аж төрж, амьдрах нөхцөл бүрдүүлэхэд анхаарч байна.
Монгол улсын Засгийн газар, аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чанартай ажлууд энэ онд нэлээд хийгдэнэ. Үүнд: Үзүүрийн булаг-Наранбулаг сумыг холбосон хатуу хучилттай замын ажил, Нутгийн удирдлагын ордны барилга, Хүн эмнэлгийн салбарын барилга, Мэдээлэл холбооны нэг цэгийн үйлчилгээний төвийн барилга, Тоосгоны үйлдвэр, Хужирт багийн жишиг төв зэргийг дурдаж болно.

Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чанартай ажлуудыг хийж гүйцэтгэхэд орон нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд ихээхэн хичээл зүтгэл гарган дэмжин ажиллаж байгааг тэмдэглэн нийт иргэд сонгогчид Наранбулагчуудынхаа нэрийн өмнөөс талархал дэвшүүлэх нь зүйтэй гэж бодож байна.

-Таны гавъяа шагнал?

-Миний хувьд хувийн хэвшилд ажиллаж байх хугацаанд “Сумын тэргүүний бизнесмен”-ээр 3 удаа шалгарч, улмаар “Худалдаа үйлчилгээний тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байсан. Мөн намын орон тооны бус дэд даргын албанд нэлээд хэдэн жил зүтгэсэн зүтгэлийг минь үнэлж Хүндэт тэмдэг, Эх орны төлөө медалиар шагнасан.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Манхай ам бүл тавуулаа. Миний хань Басангийн Оюунхүү Ховд аймгийн Булган сумын уугуул. Хувийн бизнес эрхэлдэг. Том охин ахлах сургуульд биеийн тамирын багш, дараагийнх нь хүү Дөргөний усан цахилгаан станцад инженер, бага охин энэ жил ЭМШУИС-ийг төгсөнө.

-Сүүлчийн хоромыг танд үлдээе?
-Баярлалаа. Сум, орон нутаг, иргэд сонгогчдынхоо өмнө тулгамдсан аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөө дээдлэн, түмнээ түшин, төрсөн нутгийнхаа хөгжил цэцэглэлтийн төлөө өөрийн оюун ухаан, бие сэтгэлээ харамгүй зориулан та бүхэнтэйгээ хамтран ажиллана.

Танай сонин “Төлөөлөгчийн индэр” булан байнга ажиллуулж аймгийн хурлын төлөөлөгч бид бүхний хийж бүтээж, сэдэж санаачилж буй ажлыг сонгогчдод маань сурталчилж байгаад баярлаж явдаг. Нутгийн зон олон, иргэд сонгогчиддоо төмөр туулай жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин сайхан байж юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж байхынөлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

-Танд баярлалаа.

Б.Батхүү /Увсын амьдрал сонины эрхлэгч, сэтгүүлч/ west.mn /

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!