Гар барьж танилцаагүй нөхөдтэй хүн
Гал алдаж тарчихаагүй андуудтай хүн
Гангар шаазан шиг хангинаагүй андуудтай хүн
Ганцаардан ганцаар сууж үзээгүй би баян хүн
Охидыг харан онгирч явсан найз надад байна
Онгироог нармайлж зангирч явсан найз надад байна
Онцгойг эдэлж гангарч явсан ч найз надад байна
Орхиж яваад эргэж ирсэн найз ч надад байна
Эрдмийн ширээнд шахцалдан суусан анд байна
Эмийн өмнө шаналж уусан анд ч байна
Эргэлзэж буцахгүй ард минь зогсох анд байна
Эрчлэх салхинаас хамгаалж урд минь зогсох анд ч байна
Архи уухад тойроод суух нөхөд байна
Агсамнаж цамнахад бариад авах нөхөд байна
Айж буцахад буцааж ноцоох нөхөд байна
Айл гэр болоод алхаж яваа нөхөд байна
Зорилгогүй гэж зүхүүлж яваа нөхөд минь ээ
Зоригтой байж нухлуулж яваа андууд минь ээ
Зоргоороо гэж загнуулж яваа найзууд минь ээ
Зорьсондоо л хүрэх хэрэгтэй эрчүүд минь ээ
Халаасандаа гараа чихээд алхаж явна
Хармаагаа ухаж тэмтрээд асааж татна
Хараалыг хэлж хамгийг дарагчын нармайг нээж чадна
Хатуу ширүүн харцтай ч хамгийн уян нь байж чадна
Өнөөдөр хийсэн зүйлгүй гэж адлуулна
Өндөр нэр хүнд өнгөнд бид жадлуулна
Өнөөдрийн нар жаргаж маргааш эхлэх тухай бид дуулна
Өнөө адлагчид тэгэхэд уйлна харин бид инээнэ
Уулзах өдөр цаг минут алхах тутамд багасаж
Урдахь замдаа бэлдэн бид өөрт байгааг агсаж
Хамт алхаж явсан замын төгсгөл салаалж
Харанхуй гэгээтэй хөрш замууд өмнө зурайна
Үзсэн харсан туулсандаа ууссан
Үзэх харах туулахдаа шунасан
Үнэний эрэлд хатах бадарчид миний нөхөд
Үхэл амьдралын аль алинд нь оршсон миний нөхөд
Цаг өнгөрөх тутамд бид өөрчлөгдөнө
Цаг хувьсаж биднийг өөр зүйл рүү хөтөлнө
Цангинасан инээд ч зангидсан гараар солигдоно
Цаашдаа хэрхэхийг хэн ч үл төсөөлнө
Таарсан учирсан бүхэн сэтгэлд нэгийг үлдээж
Та нарыг минь өөрчилж байгааг би мэднэ
Танхил багын гэнэн занг чинь би нэхэхгүй ээ учир нь
Та нартайгаа адил би ч өөр хүн болсон
Гээж болноо нөхдийн сэтгэлийг
Нээж болноо нөхдийн итгэлийг
Инээж болноо нөхдийн зовлонд
Ивээж болноо нөхдийн зүрхийг
Хором мөч бүхэнд бид сайн сайхныг хайна
Хол ойрд явж ихийг сурч мэднэ
Холын замд таарах олноос харин
Хонгор багын нөхрөө эрээд ч олохгүй
Амьдрал алимыг бүгдэд тэнцүү хувааж өгдөггүй ч
Алимнаас хүртээгүй хэсгээ бид авах болно
Өчүүхэн ч тэр алимны хойноос
Өнөөдөр бид хүн байтугай амьдралтай заргалдах болно
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!