2011-04-20
Увс аймаг
1931 онд байгуулагдсан. 69585 ам.дөр.км нутагтай. 90 мян.хүн амтай. Аймгийн төв Улаангом хот нь Увс нуурын хотгорын баруун урд захад 34 ам.дөр.км. талбайг эзлэн Улаанбаатараас 1336 км зайтай газарт д.т.д 939 м өндөрторшино. 30 мян.хүн амтай. Увс аймаг нь манай орны баруун хэсэгт Ханхөхий, Хархираа, Түргэний өндөр уулс, Увс нуурын хотгорын говь нутгийг эзлэн оршино. Хамгийн өндөр уул нь 4116 м өндөр Хархираа уул юм. Хархираа Тургэний уулс нь залуу атираат уул бөгөөд Хяргас, Увс нуурын хотгороор шинэ төрмөлийн эриний хурдас тархжээ.
Чулуун нүүрс /Нүүрст хотгор, Хар Тарвагатай/ бий бөгөөд барилгын материалын баялагтай мөн жамц давсны асар их нөөцтэй Шүдэн уул энд бий. Улаангом хотод агаарын жилийн дундаж температур нь жилд -3.8° С хүйтэн, 1 сард -33°С хүйтэн, ҮII сард 19.2°С дулаан байдаг. Улаангом нь манай орны хамгийн их хүйтэн өвөл болдог нутгийн нэг бөгөөд хамгийн их хүйтэн болсон нь -50°С хамгийн хамгийн дулаан болсон нь 36.4°С болж байжээ. Жилд дунджаар 135.3 мм тунадас унана.Агаарын даралт 1сард 923.9 гПа, ҮII сард 901.9 гПа байдаг. Увс, Хяргас нуурын хотгорт Дэлхийн хойд хагасын өвлийн агаарын их даралтын төв үүсдзг. Улаангомд 1 сард 1055 мб хүрсэн нь Дэлхийн хамгийн их даралт болсон юм. Жилийн салхины дундаж хурд 1.4'м/с бөгөөд хамгийн их салхитай Ү сарын хурд 2.3 м/с байдаг. Увс аймгийн нутгаар Тэс, Нарийн, Завхан зэрэг том голууд урсах бөгөөд Увс, Хяргас, Үүрэг гэхчилэн том нуурууд оршино.
Хартэрмэсийн, Хавцал Боомын, Бургастайн зэрэг рашаан ус бий. Аймгийн нутгийн их энх хэсэгт хээрийн цайвар хүрэн хөрс, уулархаг нутгаар уулын нугын талийн ба хар шороон хөр'стэй, нуурын хсггор хөндий газраар намгархаг элсэрхэг хөрстэй, уулархаг нутгаараа ой хөвч, тагийн ургамалтай, нууруудын хотгороор говийн ургамал ургана. Мөн ой хөвчийн буга зэрэг амьтнаас эхлээд говийн хар сүүлт гэхчилэн ан амьтан элбэгтэй. Увс аймаг 1.9 сая гаруй малтай, нутгийн зүүн хэсэгт газар тариалан хөгжүүлсэн, аймгийн төв Улаангомд барилгын, хүнсний үйлдвэрүүдтэй. Увс аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Давст сумын нутагт Боршоо, Тэс сумын нутагт Тэс боомт бий.
Түүх
Сумд
Баруунтуруун
Бөхмөрөн
Давст
Завхан
Зүүнговь
Зүүнхангай
Малчин
Наранбулаг
Өлгий
Өмнөговь
Өндөрхангай
Сагил
Тариалан
Тэс
Түргэн
Улаангом
Ховд
Хяргас
Цагаанхангай
Чандмань уулын аймгийн анхдугаар их хурлын 1925 оны 11-р сарын 21-ний өдрийн 4-р тогтоолд "Аймгийн эрх барих газар аймгийн захиргаааг сонгон байгуулж, Дөрвөдийн аймгийн хуучин нэр болох "Дөрвөд далай хан аймаг" нэрийг халж, Чандмань уулын аймаг хэмээн нэрлэж, төвийг Улаангомд суурьшуулахаар тогтов.Чандмань уулын аймаг нь 8 хошуу, 41 сум, 115 баг, 660 арванаар бүрдэл болон байгуулагдсан болой" гэжээ. Энэхүү 41 сумын 13 нь одоогийн Ховд аймгийн, бусад 28 нь Увс аймгийн сумд байжээ. 1925 - 1931 онуудад Чандмань уулын аймаг 1931 - 1932 онд Дөрвөдийн аймаг 1933 оноос Увс аймаг гэж нэрлэжээ. 1931 онд Чандмань уулын аймгийг 2 аймаг болгоход Увс аймаг 16 сум, 150 баг, 9133 өрх, 43188 хүн амтай байжээ.
1933 онд Увс аймгийн жилийн төсөв 140.0 мянга төгрөг байсан бол 1961 онд 6,6 сая төгрөг, 1981 онд 33,7 сая, 1990 онд 78,4 сая төгрөг болж өсчээ. Увс аймгийн төв нь Улаангом сум юм. 1686 онд Ойрад Монголын их хаан Галданбошигт Хархираа голоос суваг татуулж, Увс нуурын хотгор Гурван тээл, Арсай, Мянган бэл, Хар толгой, Бор үзүүр зэрэг газруудад тариа тариалж эхэлсэн нь суурин амьдралын үндэс тавигдаж улмаар Улаангом сум (хотын) анхны шав тавигдсан гэж үздэг. Ийнхүү газар тариалангийн суурин /Yүнийг гэрчлэх ул үндэс нь Арсайн суурин байж болох юм/ нь Увс аймагт анх тавигджээ. 1871 онд Чандмань уулын орчимд Дэчинравжаалан хөндийн анхны дацан болох Лүүжин дацан байгуулагдсан нь Улаангомын хүрээний анхны суурь болсон байна.
Лүүжин Дацангын дэргэд Цогчин дугана, олон сүм баригдаж, лам хуврагууд олноор шавилан сууснаар Баянчандмань уулын хошуу байгуулагдаж, хошууны тамгын газар төвлөрснөөр Улаангомын хүрээ нэртэй болсон байна. Улаангомын хүрээ нь сүсэгтэн олны дунд ихээхэн нөлөөтэй болж 1915 оны үед 1500 гаруй лам хуврагтай болж, Дөрвөдийн Зоригт Далай хааны өргөө байрлаж байсан зэрэг нь хошууны шашин - улс төр, засаг захиргааны төв болж өргөжихөд нөлөөлсөн байна. 1931 оны 2- р сард УБХ - ын тэргүүлэгчдийн тогтоолоор засаг захиргааны хуваарийг шинэчлэн Чандмань уулын аймгийг Увс, Ховд хоёр аймаг болгосноор Улаангом нь Увс аймгийн улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болон өргөжин хөгжих эхлэлээ тавьсан юм.
1957 онд барилгын 3- р ангийг тус суманд байгууласнаар орчин үеийн хийц загвар бүхий олон сайхан барилга байгууламж баригдан Улаангом сум хотших төлөвөө олсон юм. 1942 онд Идэш тэжээлийн хүнсний комбинат, 1959 онд гурилын үйлдвэр ашиглалтанд орсноор Улаангом төдийгүй Увс аймгийн хүнсний хангамж эрс сайжирсан юм. 1959 онд Улаангом сумаас Улаангом хотыг тусгаарлан орон сууц гудамжны 4- р хороо, хотын АДХГЗ байгуулагдсан нь хотыг төлөвлөгөөтэй хөгжүүлэх өргөн бололцоог нээж өгсөн юм. Улаангом суманд одоо Увс аймгийн нийт хүн амын 30 шахам хувь буюу 27.0 мянга гаруй хүн оршин амьдарч байна. Одоо Улаангом сум нь засаг захиргааны хувьд есөн багтай бөгөөд долоон баг нь Улаангом хотод, хоёр баг нь хөдөө мал аж ахуй эрхэлж байна.
2000 оны жилийн эцсээр Улаангом суманд - Тэмээ - 425 - Адуу - 3740 - Yхэр - 10867 - Хонь - 48415 -Ямаа - 22411 бүгд 85788 толгой мал өсөн бойжиж буй бөгөөд 240 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж орон нутгийн төсөвт 300 гаруй сая төгрөг оруулж байна. Улаангом гэдэг нэрийн тухайд гэвэл тус хотын дэргэдэх Чандмань уулыг " Чандмань улаан" " Улаан уул" гэж нэрлэсээр ирсэн бөгөөд уг уул үнэхээр улаавтар өнгийн чулуунаас тогтсон тэр орчимдоо улаан өнгийн хайрган хөрстэй юм. Yүнээс үзэхэд тус хотын улаан гэдэг нэр нь энэ уулын өнгөтэй холбоотой нь эргэлзээгүй. Ойрад аялгуунд өндөр уулын бэл, нам дор, тал газрыг "гом" гэж нэрлэдэг юм.
Байгалийн үзэсгэлэнт газар
Цагаан дэглий, Мөст, Цагаан шувуут зэрэг мөнх цаст сүрлэг өндөр уулс Увс, Хяргас, Ачит, Үүрэг гэх мэтчилэн давстай болон цэнгэг (загас элбэгтэй) 40 орчим том, жижиг, гүн цэнхэр нуурууд, хөвч тайга өргөн талууд тэр аяараа Увс нутгийн үзэсгэлэн гоо билээ. Энэ нутагт байгаль өөрөө бүтээсэн үзэсгэлэнт сонин газар байгаль газарзүй, шинжилгээ судалгаанд хэрэглэх чухал зүйлс элбэг тохиолдoно.
Ийм газрууд гэвэл : Малчин, Хяргас сумын нутгийн заагт байгаа 600-800 хонь багтах Жинст хадны агуй, Давст сумын Хатуугийн уулан дах 200 метрийн гүнзгий агуй, өндөрхангай нутагт байдаг 400-500 адуу буюу 800-900 хонь багтахаар Улаан Чулууны агуй, Бөхмөрөн сумын нутаг Ямаат ууланд далайн төвшнөөс дээш 3000 м-ийн өндөрт эртний амьтан ургамлын ул мөр хадгалагдан үлдсэн хадан хясаа гэх мэтчилэн байгалийн үзэсгэлэнт сонин зүйлс элбэг бий. Мөн Ховд сумын нутагт Уу-ширэг гэдэг газар Гоожуур нэртэй хүрхрээ , мөн сумын нутагт эрт дээр үеэс анчин гөрөөчин нүүдэлчид дамжин гардаг байсан 2 хадан хясааг холбож тавьсан "Дамжиг" модон гүүр гэх мэтчилэн хүний нүд хужирлах байгалийн үзэсгэлэнт газар элбэг бий.
Ан амьтан
Увс аймагт өндөр уул, тал, говь, нуур, гол горхи элбэг, цаг уур эрс тэс, байгаль газарзүйн олон янзын нөхцөлтэй түүнд зохицож төрөл бүрийн ан амьтан нутагшиж амьдардаг байна. Манай аймагт 4 баг, 6 овгийн 20 төрлийн, 64 зүйлийн сүүн тэжээлтэн амьдардаг. Ан гөрөөсийг үндсэн бүтээгдхүүнээр нь мах арьсны болон үслэг гэж ангилдагаас мах арьсны ан элбэг байдаг. Увс аймагт агнуурын ач холбогдол бүхий Алтайн аргал, угалз, буга согоо, янгир, зүр, гур, чоно, гахай, үнэг, хярс, бор гөрөөс гэх мэт ан амьтантай, ногтруу, галуу, ятуу, нугас зэрэг шувуудтай, алтайн сугас, монгол хадран, осмон, нохой сугас, давжаа сугас, шар загас жараахайтай. Хяргас, Ачит, Увс нуурын сав нутгаар зээр, хар сүүлт зэрэг ховордсон амьтад бий.
Ханхөхий, Тогтохын шил, Хархираа Түргэний уулс, Улиастын шилийн ой хөвч, өндөр уул, асга хадаар аргаль, угалз, буга, согоо, ирвэс, шилүүс, янгир, суусар, гахай, нохой зээх, бор гөрөөс, чоно, үнэг, хэрэм, хур, сойр, ятуу, хөтүү, чандага, жирх, хярс, мануул, дорго, өмхий хүрэн, үен, туулай, тарвага, зурам, солонго, алаг даага, сохор номин, шар сүүлт, хулан жороо, бозлог зэрэг ан амьтад, мэргэчид оршино.
Нууруудад хун, галуу, нугас, хотон, ангир зэрэг усны шувууд, хад уул, тал нутгаар хойлог, тоодог, тогоруу, ногтруу, хөхөө, бүргэд, тас, ёл, тоншуул, хэрээ, шаазгай, харцага, болжмор, ууль, сар, шар шувуу, элээ, цахлай, өрөвтас, өвөөлж, Ховд, Бөхмөрөн голд алтан гургалдай зэрэг нүүдлийн болон суурин шувууд элбэг бий.
Томоохон голуудад, зарим нууруудад агнуурын загас, баруун монголын хадран, алтан сугас буюу нохой шар загас элбэгтэй. Янгирын эх орон гэж нэрлэдэг Бөхмөрөний нутаг Хар ямаатад улсын ангийн нөөц газар бий. Тэнд жил бүр олон улсын анчид ирдэг. Увс аймагт ан агнуурын ач холбогдол бүхий 30-аад зүйлийн хөхтөн амьтад байгаагийн дотор 4 баг 6 овгийн, 20 төрлийн, 26 зүйлийн сүүн тэжээлтэн, 10 төрлийн шувуу, 3 зүйлийн загас нутагшин амьдарч буйг ан зүйн мэргэжилтнүүд тооцжээ.
Дархан цаазат газар
Увс аймгийн Дархан цаазат газар нь Цагаан Дэглий, Цагаан шувуут, Алтан элс, Тэс, Торхилог голын адаг, Хан Хөхийн нуруу, Хархираа, Түргэний уулс, Тогтохын шил, Улиастайн шил зэрэг уул нурууд Увс, Хяргас, Үүрэг, Ачит, Баяннуур зэрэг нуурууд , Тэс, Ховд, Хархираа, Хангилцаг, Түргэн, Таван салаа зэрэг гол мөрөн, Бөхмөрөнгийн Ямаат, өндөрхангайн Буштаг, Алтан бургас, Давстын Мөнхөт, Цахир, Ховдын Гоожуурын хүрхрээ, Дамжиг, Завханы Хэцүү хад, Нарийн голын эх зэрэг нутгийг хамардаг бөгөөд байгалийн үзэсгэлэн төгөлдөр шинжийг өөртөө агуулснаараа онцлог билээ.
Цагаан дэглий уул. Цагаан дэглий уул нь Түргэний уулсын ноён оргил бөгөөд далайн түвшнээс дээш 4140 метр өндөр, мөнх цастай уул юм. Энэ уулнаас Түргэн, Буурал, Хархираа, Ямаатын голууд эх авна. Энэ ууланд үе үе гадаадын жуулчид ирдэг.
Увс аймаг - Зургийн цомог
Цагаан шувуут. Увс аймгийн хойд хил Сагиль сумын нутагт байдаг. Далайн түвшнээс дээш 3496 метр өндөр мөнх цастай уул юм. Цагаан шувуут ууланд буга, согоо, аргаль, янгир, ирвэс, үнэг, чоно зэрэг ан амьтан элбэг бий. Цагаан Шувуут уулын зүүн сугаас Сагиль голын зарим салаа эх авч Увс нуурт цутгана. Цагаан шувуут уул, түүний салбар уулсуудад харгай, бургас улиас модон ой их бий.
Алтан элс. Бөөрөг дэлийн их элсний өмнөд хэсгийн торгон элсийг ийнхүү нэрлэх бөгөөд Баруун туруун, Зүүнговь сумын нутагт байна. Алтан элс нь Увс нуурын ай сав газрын бүрэлдэхүүнд багтдаг.
Тэс. Тэс нь Увс аймгийн Тэс сумын нутгийн нэр бөгөөд энэ нутагт Их говийн торгон элс, Тал хээрийн бүс, Хангайн бүс ч бас ордог. Энэ нутгийг Хангайн юмуу тал хээрийн эсвэл говийн бүс гэж хэлэхэд хэцүү. Тэс нутгаар Тэсийн гол дайран урсаж Увс нууранд цутгадаг.
Хан Хөхийн нуруу. Монгол уулсын Хангайн нурууны баруун үзүүр бөгөөд Бор хайрхан, Цагаан хайрхан, Дуулга гэсэн гурван томоохон оргил бий. Түүнээс хамгийн өндөр нь Дуулга уул бөгөөд 2923 метр өндөр юм. Бор хайрхан 2591 метр өндөр. Цагаан хайрхан 2512 метр өндөр юм. Хан Хөхий нуруу нь 180 км үргэлжлэх бөгөөд Шилүүст ой элбэгтэй учир Увс аймгийн ойн баялгийн гол эх булаг болно. Хан Хөхийн нуруунд буга сүргээрээ байдаг бөгөөд чоно, үнэг, мануул, хярс, тарвага, тоншуул, хөхөө гэх мэт олон төрлийн амьтад болон шувууд бий.
Хархираа. Монгол Алтайн салбар уулсын нэг, Увс аймгийн өмнөговь, Ховд, Тариалан, Улаангом сумын нутгийг дамжин өмнөөс баруун хойд зүг чиглэсэн байдалтай оршино.Хархираагийн уулсаас Хархираа, Намир, Улиастай, Бургаст, Шивэрт зэрэг томоохон голууд эх авч хоёр тийш хагалбарлан урсана.Оргил нь Мөст,далайн түвшнээс дээш 4126 метр өндөр, оройдоо мөнх цастай.Хархираагийн уулсад буга, согоо, аргаль, янгир, үнэг, чоно, тарвага, зурам, үен, хадны суусар, ирвэс, өмхий ба эрээн хүрэн, дорго, хярс, мануул зэрэг ойн болон араатан амьтан элбэг, уулын араар Харгай, Улиас, Бургас, Гацуур зэрэг ой мод бий.
Түргэний уулс. 1993 онд Монгол Улсын Их Хурлаас гаргасан тогтоолд "Түргэний уулсад уулын тундр, ой тайга, уулын хээр зэрэг байгалийн олон бүс, бүслүүртэй бөгөөд түүнд зохицсон олон янзын модлог, бутлаг, өвслөг ургамал, төрөл бүрийн ан амьтантай, бас Мөнх цас, мөсөн гол, мөсөн тогоо, агуй, хад. цохио, хүрхрээ, бүхий байгалийн үзэсгэлэн бүрдсэн өвөрмөц тогтоцтой эртний түүх соёлын дурсгалт газар элбэгтэй болохыг" зааж" Түргэний уулсын үндэсний дархан цаазтай газар" болгосон байна. Энэхүү дархан цаазат газарт Буурал, Түргэн, Живэртэйн голуудын эх авсан нуруунуудыг дамжуулан Цагаан Дэглий уулнаас зүүн тийш Хавцалын боом хүртэл 123.1 мянган га гурвалжилсан нутгийг хамруулжээ.
Тогтохын шил. Хан Хөхийн нурууны баруун үзүүрийн салбар уулс. Тогтохын шилээр Увс, Хяргас 2 нуур тусгаарлалцана. Хамгийн өндөр оргил Хүрэмийн овоо далайн төвшнөөс дээш 2357м Тогтохын шил нь 70аад км үргэлжлжх бөгөөд булаг шанд , ус, өвс элбэгтэй малын бэлчээрт нэн тохиромжтой нутаг юм.
Увс нуурын дархан цаазат газар. Төв Азийн гадагш урсгалгүй ай савын бороо бүслүүрийн бүхий л шинжийг тусгасан Ландшафтын сонгодог жишээ нь Увс нуурын ай сав юм. Ай савын хамгийн нам цэг далайн түвшнээс дээш 758.9 м, хамгийн өндөр цэг 4126м өргөгдсөн Хархираа Түргэний уулсын ноён оргил юм. Увс аймгийг нутаг дэвсгэр дэх байгалийн өвөрмөц тогтоц үзэсгэлэнт газар нутаг болох Түргэн уул, Алтан элс, Цагаан шувуут уул, Увс нуурыг багтаасан 679.6 мян.га газар нутгийг УИХ-ын шийдвэрийг үндэслэн 1994 оны 9 -р тогтоолоор дархан цаазат газар болгон тогтоожээ. Увс нууранд ногтруу, ангир, галуу, хошуу галуу, ангидаг, шар алаг нугас, болон улаан хүзүүт, шунхан шумбуур, гэзэгт шумбуур зэрэг 362 төрлийн нүүдлийн шувууд урин дулаан улиралд ирнэ. Увс нуурын нас нь 200 сая жил гэж эрдэмтэд тогтоожээ. Увс нуурт Тэс, Нарийн, Хархираа, Түргэн, Боршоо, Сагил, Хөндлөн, Хандгай, Торхилог зэрэг их бага 38 гол цутгана.
Тэсийн гол. Тэсийн голын урт нь 732км бөгөөд Увс аймгийн нутагт 135км ноогдоно. Увс нуурт цутгахдаа Зэгстэй өргөн намаг бүхий таван салаа үүсгэнэ. Энэхүү 5 голыг нутгийн ардууд Оргих, Хос-Эрэг, Их гол, Жийрэг, Yхэг гэж нэрлэх бөгөөд үүнээс Таван тэс гэдэг нэр томъёо үүсжээ. Тэсийн голын зэгс бургасаар зэрлэг гахай нэлээд их бий. Мөн зэрлэг чацаргана Тэсийн голыг дагаж чимж ургадаг.
Аялал жуулчлал
Увс аймаг байгалын аялал жуулчлал хөгжүүлэх сонирхол татахуйц бүс “Б” зэрэглэлд ордог. Увс аймаг нь байгалийн бүх бүс бүслүүрийг хамрсан, аргал, угалз, янгир, буга согоо, бор гөрөөс, ирвэс зэрэг ховор ан амьтад, олон төрлийн шувуу, ургамалын аймагтай, 5 хошуу мал, дөрвөд, баяд, хотон, халх зэрэг олон ястан амьдардаг, түүх, соёл, олон ястны өвөрмөц амьдралын хэв маягийг хадгалж өнөөг хүртэл амьдарч ирсэн нь байгалийн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх боломжтой.
Аялал жуулчлалын нөөцүүд 1. Мөнх цаст өндөр уулс, говь цөл, элсэн манхан, баян бүрд, том нуур, түргэн урсгалт гол, зэрлэг ан амьтан, ургамал бүхий харьцангуй онгон өвөрмөц сонирхолтой байгаль орчин, эрс тэс уур амьсгал, цас мөсөөр бүрхэгдсэн өвөл, 4 улирлын онцлог, цэлмэг одод түгсэн тэнгэр, цэвэр агаар, рашаан ус. 2. Эртний архилогийн түүхэн дурсгалт газрууд, сүм хийд, баялаг үзмэр бүхий музей. 3. Дөрвөд, баяд, халх, хотон зэрэг үндэстний цөөнхи, ястнуудийн угсаатны зүйн онцлог, амьдрах хэв маяг, дуу бүжиг, монгол гэр, хуримлах ёслол. 4. Нүүдэлчин малчин ардын соёл, ёс заншил, нүүдэл, шашин шүтлэг. 5. Байгаль орчноо хайрлан хамгаалах нандин өв уламжлал, овоо тахилга. 6. Үндэсний баяр наадам / бөх барилдах, морь уралдах, сур харвах/ 7. Морь, тэмээ, сарлаг унах, эмнэг сургах, морь бугуйлдах. 8. Ховор, ховордсон зарим ан амьтаныг харах, тусгай зөвшөөрлөөр агнах. 9. Уулын аялал, усан аялал
Жуулчны баазууд “Хархираа” жуулчны бааз Улаангомоос 28км зайтай байдаг. “Сайхан халиун” ХХК “Хэцүү хад” жуулчны бааз Хяргас нуурын хөвөөнд байдаг. “Онцын тасархай” ХХК –ны жуулчны бааз Түргэн сумын нутагт Улаан гом хотоос 90км зайтай байдаг. “Алтай аутфиттерс” ХХК ангын отогнууд Өмнөговь сумын улиаст, Сагиль сумын Цагаан гол, Түргэн сумын Шаварт, Хан Хөхийн нуруунд байрладаг.
Увс аймаг эртний түүхийн арвин их баялагтайн дотроос Сагил сумын Моожоогийн хошууны ногоон саарал өнгийн хаднаа хүн болоод аргаль, янгир, тэмээ, үхэр зэргийг ганц нэг ба хэсэг бүлгээр нь сийлсэн олон зуун зураг байдаг нь мезолитийн сүүлч, шинэ чулуун зэвсгийн эхэн үед хамаарагдах дурсгал болно. Мөн Бөхмөрөн сумын нутагт хүн хөшөөдийн баялаг чуулбар, Ачит нуурын бичээс хэмээх эртний руни бичигт гэрэлт хөшөө байдаг.
Чандмань-Улаан уулнаас төмөр зэвсгийн үед амьдарч байсан 50 гаруй хүний хэрэглэгдэхүүн бүхий булш тус тус олдсон байна. Түүнчлэн Зүүнговь сумын Сарантолгойн өврөөс Чингис хааны үеийн монгол эмэгтэйг булш илэрч, тухайн үеийн дээл, гоёлын зүйлс олджээ. Мөн Улаангом хотын баруун урд орших Чандмань уулын эргэн тойронд түүхийн олон үед хамаарагдах 300 орчим булш, хөшөө дурсгалтай бөгөөд 70 гаруй булшийг малтан шинжлээд байгаа ажээ. Чандмань уулын булш нь МЭӨ ҮIII-III зууны үед манай орны баруун хойт хэсэгт амьдарч төмөр зэвсгийн түрүү үеийн нэгэн аймгийн урьд өмнө нь мэдэгдэж байгаагүй сонин дурсгал юм.
Увс аймгийн даргаар ажиллагсад
1. Б. Санжжав - 1925 - 1927
2. Ц. Нанзад - 1927 - 1928
3. Ц. Бадрах - 1928 - 1931
4. Б. Нацаг ( эмэгтэй) - 1931 - 1931 -1956
5. С. Алтангэрэл - 1931 - 1932
6. Ж. Ноосой - 1932 - 1933,
7. Б. Хөхнүдэн - 1933 - 1934
8. Г. Мижид - 1934 - 1937
9. С. Милхаабаатар - 1937 - 1938- 1986
10. Б. Тэгшжав - 1938 - 1939
11. Ө. Өлзийхутаг - 1939 - 1939
12. Ж. Осор - 1939 - 1943
13. П. Магсаржав - 1943 - 1944
14. А. Бэгзжав - 1944 - 1948
15. Д. Батсүх - 1948 - 1950
16. Д. Ядамцоо - 1950 - 1953
17. Ү. Шагдар - 1957 - 1961
18. Д. Сүрэнхорлоо -1953
19. Х. Спемхан - 1956 - 1957
20. Ц. Нансалжав - 1966- 1970
21. Г. Баасанжав - 1970
22. Н. Жийдээ - 1986 - 1992
23. Д. Намсрай - 1992 - 1996
24. Ц. Баатар - 1996 - 2000
25. Л. Тогоо - 2000-2008
26. Цасчихэр 2008 оноос хойш
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment
Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!