2011-04-07

Хубилай хаан ба сэхээтнүүд төрөн гарсан нь

2010-12-16 12:24

Хубилай хаан ба сэхээтнүүд төрөн гарсан нь

Боловсролтой хятад хүнийг бэлтгэдэг уламжлал дээр тогтдог төрийн албанд орно гэдэг бүтэшгүй , ёс суртахууны хувьд тэсвэрлэшгүй, бараг гэмт үйлдэл мэт болсон учраас оюунлаг хүмүүс нуугдмал байдалд ороход хүрч, улмаар сэхээтний давхаргыг бий болгожээ.

Хятад улс гэнэт эрч хүчтэйгээр сэргэн мандсан нь америкчуудыг гайхал цочролд оруулсан бөгөөд энэ нь тэдний хувьд хагас зуун жилийн өмнө хиймэл дагуул хөөргөсөнтэй эн зэрэгцэх үйл явдал болсон юм. Өрсөлдөгч гүрнийх нь энэхүү амжилт Америкчуудын хувьд өдөөн хатгалга мэт санагдах боллоо. “Хүйтэн дайн”-ы үед Америк өөрийн тогтолцоог давуу гэдгийг баталж чадаж байсан бол хятадуудад үүнийгээ харуулж чадах эсэх нь тодорхойгүй. Хөгжиж буй үр ашигтай эдийн засаг нь цаашид коммунист дэглэмтэй зэрэгцэн оршиж чадах болов уу? Хэрэв үүнийг боломжтой гэж үзвээс, ХХ зуунд Барууныхан ялснаар түүх төгсөнө гэсэн үзэл бодол өөрчлөгдөж, ХХI зуунд хоёр үзэл суртлын “чимээгүй”тулаан болно. Өрсөлдөгчөө таньж мэдэхийн тулд Америкчууд өнгөрсөн үе рүү гүн орж судлах хэрэгтэй болжээ.

Америкийн Нью-Йорк хотод орших Метрополитен музейд Хятададтай холбоотой сэдвээр гарсан цуврал үзэсгэлэнд дэлгэн тавьсан “Хубилай хаан” нэртэй үзмэр нь үүний гол утга санааг илэрхийлж байгаа юм. Үзэсгэлэнд Өрнөдийнхөн Хятад улсыг анх ямар байдалтайгаар нээж харсан яг чигээр нь дүрсэлжээ.
Урьд цагт Хятадад 10 хавиргатай адууг жирийн адуу гэж тооцдог байсан ажээ. Харин сайн морь 12 хавиргатай, хамгийн шилдэг морь 15 хавиргатай байсан гэнэ. Гэхдээ хавиргыг нь яс, арьс болтлоо турж эцсэн үед нь л тоолж болдог байж. Яг ийм эцэнхий адууг Юань гүрний үеийн Хятадын нэгэн шилдэг зураач хуйлмал цаасан дээр зурсан байдаг.

Хамрын нүх, гунигтай том нүд ,толгой, нарийхан эцэнхий хөлийг нь тодорхой дүрсэлжээ.

Эрт дээр үеэс Хятадын урлагт морин цэрэгтэй холбоотой сэдэв томоохон байр суурь эзэлдэг байв. Тэр үед адуу одоогийнхоор сансрын гэмээр их энергиэр ажилладаг нэгэн төрлийн хөдөлгүүр байжээ. Иймээс язгууртнууд адуу малаа татвар эмсээсээ илүүд үзэж бахархаж байсан нь санамсаргүй хэрэг биш юм. Баячуудын хувьд адуу бол хамгийн үнэ цэнэтэй бөгөөд нэр хүндийг нь илтгэх хөрөнгө, бас хобби нь байжээ. Юань гүрний үед морь бол хамгийн түгээмэл бэлгэдэл, ялагч болон ялагдагчийн хэнд нь ойлгомжтой харилцан ойлголцох хэрэгсэл байлаа.
ХIII зуун хаяанд ирэх үед Монголын эзэнт гүрэн Киевээс Даду (одооны Бээжин) хүртэлх өргөн газар нутгийг хамран тэлсэн байлаа. Тэр үед хаан ширээнд заларч байсан Чингис хааны ач хүү Хубилайтай Марко Поло уулзаж байсныг Английн судлаач Сэмюэл Тейлор Кольриж тэмдэглэн үлдээжээ. Хавтгай нүүр, цоргисон ширүүн харцтай түүнийг уул мэт хэмжээлшгүй эрх мэдлийн бодит жишээ болгон зурагт дүрсэлсэн байдгийг олон хүн мэднэ. Хятадыг эзэлмэгцээ иргэдийг нь бүгдийг нь хороохоор завдаж байсан зэрлэг бүдүүлэг өвөг дээдэстэйгээ тэрбээр огт адилгүй. Түүний өвөг дээдэс алтан химэрлэг хөрс нь адуунд тохирохгүй учраас монголчуудад тийм улс орон хэрэггүй хэмээн үзэж байсан учраас хятадуудыг бүгдийг нь хядахаар төлөвлөж байв. Гагцхүү хятад угсааны нэгэн мэргэн зөвлөх “зөвхөн амьд албатаас л татвар авдаг шүү” гэж зөвлөснөөр эх орон нэгтнүүдээ аварсан гэдэг.

Хоёр үе өнгөрлөө. Хубилай хаан хятадаар бичиж чадахгүй ч ярьж сурсан байна. Тэрбээр тансаглах дуртай болжээ. Ялангуяа үзэсгэлэнт орд харшийг ихэд сонирхож, ордны цэцэрлэгт цацарт унтах их дуртай байлаа. Хубилай хаан гял цал орчин бий болгож, ордныхныг ч бас тийм байхыг шаарддаг байв. Тэд ёслолын ажиллагаанд алтан хатгамалтай гоёлын хувцас өмсөж ирдэг байлаа. Нүүдэлчин байсан монголчууд нүүж суух үед эдэлгээ даах нэхмэл эд болгоныг сонирхдог байв. Юань гүрний үед сонирхол татдаг байсан өөр нэг зүйл нь театр байжээ. Бродвейнх шиг, хожмоо бээжин дуурь гэгдэх болсон, хүмүүсийн сэтгэлийг доргиосон үзвэрүүд нь зэрлэгүүдийг хөгжөөж, бас хүмүүжүүлж, хаанаас эхлээд харц ардуудад хүртэл соёлыг түгээсэн байна. Харин бусад зүйлийг монголчууд төдийлөн хайхардаггүй, хүн бүрт өөр өөрийн шашинг шүтэх боломжийг нь олгож хүлээцтэй ханддаг байжээ.
Гэсэн хэдий ч боловсролтой язгууртан угсааныханд байдал амаргүй байлаа. Бичиг үсэгт тайлагдаагүй монголчууд төрийн албаны шалгалт авдаг байсныг болиулсан байна. Үүнээс болоод орлого сайтай, нэр хүндтэй албан тушаал хаших гэсэн найдлага тасарч, хэдэн зууны турш хүмүүсийн сурч боловсрох гэсэн эрмэлзлэлийг төрүүлсэн байсан тэр нийгмийн хөшүүрэг үгүй болжээ. Эрэлхэг цэрэг бус, харин эмэгтэй хүн шиг төрхтэй оюутан байх гоо сайхны жишиг хэмжүүр байлаа. Боловсрол нь эрх мэдэл, эд баялаг авчирч оюуны цэнгэл эдлүүлж байлаа. Монголчуудын үед боловсрол мэдлэг хэрэггүйд тооцогдох болж, нийгмийн байдал ч тогтворгүй болжээ. Алба хаахаар явсан нь шинэ эздээ элдэв тансаглалд сургахыг хичээдэг байв. Сонгодог соёл, зэрлэг бүдүүлэг байдал хоёрын завсарт хавчигдсан бусад хүмүүсийн хувьд байдал тэсэхийн аргагүй хүнд болж, нөгөө 15 хавиргатай адууг санагдуулам байлаа.

Монголчуудын үед Хятадын шилдэг ухаантнууд анх удаа улс төрөөс зай барьж эхлэв. Тэдэнгүйгээр улс төр ёс суртахуунгүй, хоосон ёсорхлын талбар болсон байна. Ийм бодлого Күнзийн сургаалаар хүмүүжсэн “сурвалжит эрчүүдэд” огт хэрэггүй. Боловсролтой хятад хүнийг бэлтгэдэг уламжлал дээр тогтдог төрийн албанд орно гэдэг бүтэшгүй , ёс суртахууны хувьд тэсвэрлэшгүй, бараг гэмт үйлдэл мэт болсон учраас оюунлаг хүмүүс нуугдмал байдалд ороход хүрч, улмаар сэхээтний давхаргыг бий болгожээ.

Хийх ёстой ажлаасаа нэгэнт хөндийрсэн тэд өөр ажил хайх хэрэгтэй боллоо. Ийм хүмүүсийг “литератууд” гэж нэрлэж болох бөгөөд тэдний сонгодог хүмүүжил нь монгол ёс заншил болоод монголчуудын байр байдалтай зөрчилдөж, улмаар тэд даяанчлан амьдрахад хүрсэн байна.

Одоо тэд “Зы ю” болох өөр зорилго тавьжээ. Энэ хоёр дүрс үсэг “өөрөө өөрөөсөө шалтгааныг хайх” гэсэн утгатай. Өнөөдөр “эрх чөлөөг” ийнхүү нэрлэдэг, харин Юань гүрний үед улс төртэй ямар ч холбоогүй “хүсэл” гэсэн утгатай байсан боловч үнэн хэрэгтээ эсрэг утга илэрхийлж байжээ. Хавчигдаж шахагдсан литератууд бусдаас зугтан нуугдсан байна. Гэхдээ өрнөдийнхөн шиг шашин, соёл руугаа бус, шашин соёл хоёрыг нэгтгэж чаддаг байгальдаа нуугджээ.

Литератуудын шүтээн нь оюундаа буулгасан байгаль. Байгальтайгаа холбогдсон зураач, яруу найрагч, хичээнгүй бичигчид урлагт хувьсгал хийжээ. Урлагын тусламжтайгаар дотоод ертөнцөө нээж, дүрслэн буулгаж чаддаг боллоо.
Өмнөх эзэнт гүрнүүдийн агуу уран зурагт байгалийн монументализм урсгал тусгалаа олсон байдаг. Хуйлаас цаас бүр ертөнц мөнхийн хөдөлгөөнд оршдог хэмээн үзэх тэднийг үзлийг илэрхийлсэн хөрөг байлаа. Өнгөц харахад шинэ уран зураг хуучнаасаа нэг их ялгагдахгүй. Хаа ч байдаг уул нуруу, гол мөрөн. (Хятадад энэ сэдэв шавхагдашгүй юм). Гэхдээ бүтээлүүдийг удаан лавшруулан харваас, Юань гүрний зураачид төрөл жанр болоод цар хүрээгээ өөрчилж байсныг харж болно. Туульс үлгэрийн оронд утга уянга, ерөнхийд нь дүрслэхийн оронд нэгээхэн хэсгийг нь дүрсэлдэг болсон байна. Ийм уран зураг гунигтай, дэмий хоосон юм шиг санагдаж болох юм. Тэдний агуу их хүчирхэг өвөг дээдэс нь байгалийг өөрөө үргэлж хөдөлмөрлөж, хүмүүсийн ахуй байдлыг инь, ян гэж хоёр хуваадаг гэж үздэг байлаа. Харин эдүгээ байгаль нь зөвхөн бясалгалын зүйл болжээ.

Литератуудын уран зураг тэргэл сарны гэрэл дор эсвэл шинэ цас орсны дараа зурсан зэргээрээ ялгагддаг. Тэд зөвхөн өөрсдөдөө зориулж зурдаг байлаа.
Ингэснээрээ тэд бодит амьдралаас хөндийрсөн юм. Илэрхийлэхийн аргагүй, хязгааргүй, эрхэмсэг сайхнаас таашаал авч чаддаг тэр мэдрэмжээ хадгалж, өвлүүлэхийг тэд өөрсдийн үүргээ гэж үздэг байлаа. Литератууд уламжлалын цэцгийг нь бус, тоосонцрыг нь хадгалан үлджээ.

Тийм хүмүүс олон байдаггүйд хэргийн учир оршиж байна. Шуугиант амьдрал, бүдүүлэг ёсонд дэндүү автсан үндэстэн тэдний хэн болох, хаана амьдардгийг огт анзаардаггүй юм. Чухам ийм үед л литератууд буюу сэхээтнүүд хамгийн их хэрэгтэй байдаг ажээ.
Монголчуудын ноёрхлын үед хятадын уран зураг шинэ өнгө төрхөөр цэцэглэн хөгжиж, Хятадад зөвхөн зураач нар төдийгүй, тэдний бүтээлүүдийг сонирхон үзэгчид, уран зургийн мэдрэмжтэй шүтэн бишрэгчид бий болсон нь хамгаас чухал билээ. Литератууд бол Сэргэн мандалтын үеийн хэв шинжийг илтгэж чадах билээ.Тэдэнгүйгээр түүх дэндүү явцуурах юм.

Литератуудын дотроос хамгийн шилдэг хөргийг алдарт зураач Ни Зань бүтээсэн байдаг. Тэрбээр ямар ч ажил хийж байгаагүй бөгөөд монголчууд түүний сурвалжит гэр бүлийг татвараар дарамтлан хоосруулсны улмаас хятадын гол мөрний хөндийгөөр хэрэн хэсч, салж унах дөхсөн завин дээр амьдрах болжээ. Зарим үед, мацаг барьж байж бүтээлээ туурвидаг байсныг нь түүний бүтээлээс нь харж болохоор байна. “Ни Зань түүшээ алтнаас үнэтэйд тооцон хэмнэж байжээ” гэж түүний бүтээлийг шагшин гайхсан шүүмжлэгчид бичсэн байдаг.
Метрополитенд гарсан үзэсгэлэнд түүний “Зургаан мод” гэдэг зургийг гол бүтээл болгон дэлгэн үзүүлжээ. Эх газраас алсад, нүд алдам тэнгисийн дунд орших нүцгэн хадан дээр зургаан нарс ургажээ. Тэдгээр мод цөлөгдсөнөө илэрхийлэх мэт тахиралдан ургасан байна. Гэхдээ хад чулууг хэрэн ургасан тэдгээр зургаан мод тэсч үлдэж чадсанаа харуулах мэт. Мод бүр 15 мөчиртэй байгаа нь дээр өгүүлсэн арван таван хавиргатай морийг санагдуулна гэж Орос, Америкийн зохиолч, утга зохиол судлаач, шүүмжлэгч Александр Генис бичжээ.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!