2011-03-07

Миний Ээждээ бичсэн захидал


Хүн эцэг эхээ сонгож төрдөггүй гэдэг. Харин  би  ийм сайхан аав ээжтэй болсондоо маш их баярлаж сэтгэл дүүрэн амьдарч цээж дүүрэн амьсгалдагын. Үр хүүхэд хань ижил өөрт хамаатай бүхнийхээ төлөө чин сэтгэлээсээ ханддаг сайхан ээждээ би маш их хайртай.
              
Хамгаас хайртай эрхэм нандин  амьд шүтээн ээждээ би хайртай гэдгээ хэлээд үнсүүлж байсан удаа байгаа билүү.  Хайртай гэдэг үгийг хэлж байгаагүй ч гэсэн сэтгэлдээ хадгалж явдаг юм шүү. Энэ хүү боломжийг ашиглан бичгээр ч гэсэн илэрхийлэх завшаан олдсонд баярлаж байна. Хүү нь ээжийнхээ энэрэл хайрыг зөвхөн хайртай гэдэг үгээс бус халамж хүндлэлээрээ илэрхийлэхийг маш их хичээдэг юм шүү. Магд хүү нь манцуйтайдаа ирж нэг л удаа баярлуулсан байх даа.
Цаг хугацаа эргэдэгээрээ эргэж нэг л мэдэхэд хүү нь аль хэдийнээ 24 хүрчээ. Хүний орчлонгийн нугачаанд буруу зөрүү алдаа гаргаж байсныг минь буянтай ээж минь та уучлаарай. Тоочоод бичих юм бол зөндөө л байгаа гэхдээ хүү нь алдсан алдаагаа дахин давтаж таныхаа сэтгэлийг зовоохгүй. Энэ л үгэнд минь итгэж хүүгийнхээ болчимгүй тэнэг үйлдэл, сэтгэлд тань хоногших муухай үг хэлснийг минь уучлаарай гэж ээж танаасаа маш их гуйя. Бодлогогүй хэлсэн ганцхан үг минь эжий таныг минь хичнээн удаан зовоосон болоо. Тэр болгоноо зөвөөр амьдарч заснаа ээжээ. Миний амид бурхан ээж минь хүүдээ итгээрэй. Мунхаг тэнэг зан авир гарган хэрэггүй муу үгээр амид шүтээн минь болсон таныхаа сэтгэлийг чилээж, санааг тань түгшээж явсан хүүгээ ээж минь та уучлаарай. Хүн болгонд шүтээн гэж байдаг бол миний эжий минь та юм шүү. Тиймдээ ч миний зөв хүсэл тэмүүлэл зорилго нь зорилт бүтдэж биелэж явдаг нь ээж таныгаа шүтэж биширч ирсэний хариу болон ирдэг бизээ. Тэр болгоноо би чинь хэлээд байдаггүй дотогшоо хүн шүү ээжээ. Өглөө болгон үр хүүхэд биднийхээ төлөө мандах наранд цайгаа дээжлэн байгааг тань хүү нь мэддэг. Ээж  минь та өнө удаан жил хамт байж үр хүүхдүүд биднийгээ баярлуулж байгаарай: Гайхамшигтай найрагчийн ээждээ бичсэн шүлгийг ижийдээ ч би бас хэлье Зүүний сүвэгчээр ч алсрах он жилүүдийн уртад Зүгээр л дэргэд минь байж хайрла. Ижий гэж дуудах болгондоо баярладаг Ижил хэдэн хүүхэддээ урт наслаж хайрлаарай.
Хажууд тань хамт байж баярлуулж чадахгүй байгаа ч  сэтгэлд тань хамт байгаа шүү.
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдөр үүсэн бий болсоны 100 жилийн ойн мэнд дэвшүүлье.
Увс аймгийн Наранбулаг сумд суугаа хайр ээж Доржийн Байгалмаадаа хүү Бямбанаранаас олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж байна.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!