2011-02-19

Ч.Энхмаа

 Бахархал хийгээд омогшилийн тухай

Миний Монголчууд хонины бэлчээртээ судар нуусан үндэстэн. Ертөнцийн жамыг танин ядаж өндийх хүү аяга тарагний үнэ цэнэ, амтыг хугас өдөр хонь дагаж олдог, тэр нь насан туршийн амьдрах ухаан нь болж төлөвшдөг тийм л энгүүн түмэн. Эгэл бор амьдралаас дэлхийн энтэй сэтгэх ухааныг чухам тэгэж өвлөдөг. Бага нас минь аргал түүж, буйдхан алсын өвөлжөөнд хурганы өвс зөөж, голын эргээр тугал эргүүлж өнгөрсөн. Гээд би өнөөдөр Toefl-ийн шалгалтад бэлтгэж Википэдиагийн өгүүлэлд хэдэн үгээ нэмэрлэчих сөхөөтэй Монгол охин. Америк багачууд шиг би эцгийгээ цагдаад бариад өгчихдөг эрх чөлөөг хөхөж өсөөгүй, ээжийнхээ халуун сүүг үлгэж хүн болсон. Африкийн жаалууд шиг өлсгөлөнд нэрвэгдээгүй, тараг сүүнд булхсан тостой бор жаал явсан. Компьютер, интэрнэт, гар утас гээчийг харах нь байтугай сонсоогүй явсан цаг саяхан. Сумын сургуулийн танхимд бурхан аятай залаатай ганц хуучин компьютерийг харчихаад түүний ард сууж шинэ ертөнцийг нээчихлээ гэж шөнөжин зүүдэлсэн минь саяхан. Үнэн ийм л байсан. Одоо ч ийм л байгаа. Гагцхүү Монгол зүрх бууж өгье гэж цохилдоггүй.


Монгол зүрх нараар эрчимжиж, нартаас сугарч сэтгэдэг ганцхан онцлогтой. Үнэндээ дэлхийн дайтай сэтгэдэг тэр ухаан Монголчуудын тэнгэрийн зам, хөх толбо тэнгэрийн тийз нь. Түүнээс биш дээрээс бууж ирсэн Бөртэ чоно, Гоо маралын домгоор амьдарч, шинжлэх ухаанаар тулах цэгээ хийсэн 21-р зууны иргэдэд “чононоос хүн төрсөн тэр нь бид ” гэж хэлбэл хэд нь  итгэх бол. Оронд нь бидний өвөг дээдэс тэнгэр мэт гүн сэтгэдэг, чоно мэт ирмүүн,  буга согоо мэт гуа сайхан байсан юм гэж хэлбэл үнэнд алхам ойртож мэдэх юм.
Харин өнөөдөр Монголчууд Чингис гэдэг нэрийг нохойд барьдаг мод шиг эзэгнэн  гутааж байна. Энэ нэр газарсан бол хөрс нь шороогоор эргэж, уссан бол ундарга нь татарчих болтол тал талаас нь зулгааж идэв. Ядахдаа л Солонгос хүн надаас Монгол хэдэн Чингистэй юм бэ? гэж асуухдаа тултал Чингис, Чингис, Чингис гэж дэлхийгээр нэг үглэсэн байна.
Азаар биднийг бурхан ивээж. Чингис гэдэг нэр үнэ цэнээ алдсангүй. Гай зовлон, аз жаргалын алинд ч мөнх тэнгэр дүнхийн хормойноос нь зүүгдэж хүн болсон нэг нь амьд явамгүй нүгэл үйлдэж байхад бас хэсэг нь дэмий л нэг амьдарч үгүй бол тэнгэр эцэг өөдөө тэмүүлж ургадаг шиг Чингис гэдэг нэр Монгол хүнийг, Монгол зүрхийг нөмрөн дүнхийсээр.  Харамсалтай нь  бид булшийг нь хайн эндүүрч, дахиад төрөхийг нь хүлээн гуйрамч хормойгоо дэвснэм. Домгийн сэтгэлгээ, бодит байдлаас хэтийдсэн хоосон хэнээрхэлээр бид юу хийх юм бэ? Чухам өнөөдөр бидэнд 13-р зууны дарангуйлалаас илүү оюун ухааны  байлдан дагуулал хэрэгтэй. Гэхдээ битгий эндүүрээрэй. Бусдыг биш өөрийгөө байлдан дагуулах их эрмэлзэлийн тухай энд би ярьж байгаа юм шүү.
Монгол хүн. Тэд эрэмшиж, омогшиж бас өмөгшөөж чаддаг ард түмэн. Түүхэнд “хэрвээ” үлддэггүй шиг Монголын түүхэнд “цусаа худалдсан”  толбо байхгүй. Гэтэл охидийг минь зардаг болов. Мал хулгайлах нь багадаад Монгол хүнийг хулгайлав. Эзэн тэнгэр гээч нь байдагсан  бол аварч алгаа дэлгэхээр олон ээжийн энгэр чийгтэж, олон эцгийн өр өмрөв. Эцэст нь эх хүн үрээ мал мэт зүсэлж сурагласаар ичгүүргүй Монгол хүний гараас аврав.
Гэхдээ 21-р зуун Монголчуудыг уудам газар нутаг, зүг бүрээс өнгөлзөх шуналтан, эсвэл авралын гараа сунгах ачтан, тэд мэт олон хүмүүсийн дунд баганаа түшиж хөлд орох тэнгэр лүү тэмүүлж өсөх охид хөвгүүдтэй нь орхижээ. Энэ үе л бидэнд амьсгаа авах боломжийг олгож байна. Харанхуй мэт түгсэн хэнээрхэл, хоосон бардамнал, дээдэлж дээрээ залдаг бүхнээ уландаа гишгэх жудаггүй зангийн дундуур гэрэл мэт цуучин орж ирэх шинэ сэтгэлгээ, шинэ хүч яах аргагүй үгүйлэгдэж байна. Монгол хүнд  дөрвөн уулын орой дээрээс бүр цаашилбал Гималайн уулсын оргилоос ч ертөнцийг харж чадах ухаан заяасан. Гагцхүү түүнийгээ нээгээсэй. Түүний тулд миний Монголчууд :
  • Цусаа худалдаж, зүсээ битгий зараасай. Ялангуяа Буддын сургаалийн гол үндэс ёсоор хязгааргүйд сэтгэж, шунал хүслийг хазаарлан дарж амьд эс бүхний төлөө чин сэтгэлт нигүүлсэнгүй түмэн болоосой.
  • Удам угсаа  үүх түүхийг мушгин гуйвуулж бахархал, уламжлалаа доромжлол мэт газар авсан хэтийдсэн  магтаал хэнээрхэлээс авраасай. Шинэ Монгол хуучнаа мартаагүй, хуудуутайг хөхүүлээгүй үндэстэн болж тогтноосой.
  • Тамын тогооны үлгэр ярин тэндээ чанагдах нь “алтан дээр завилсан гуйлгачин” байхаас ч ичгэвтэр гэдгийг ухаараасай. Газрын баялаг, өнөө маргаашийн олз ашигт шунасан Монгол хүн хаана ч хүчгүй. Түүний оронд хэн ч халддаггүй дархан хил “тархины орон зай, түүн доторх баялаг”-т шүтэж амьдраасай.
Тэнгэрт ойрхон үндэстэн Монголчууд. Энэ хоосон үг, хийсвэр тунхаг биш. Энэ бол бодит боломж, бодит сэтгэхүйн тухай яриа. Хэнээрхэл, хий солиорол, алгаа дэлгээд аврал эрэх, ялангуяа төрөөсөө хишиг гуйтлаа доройтсон сэтгэхүй өөрсдийнх нь гэдгийг дуулгах боломж.
Монголчууд төрийн сүлд өршөө гэж үйлсээ даатгахаас биш төр минь хишиг хайрла гэх сэтгэхүй, уламжлалын унал доройтол дарлалын 200 жил, дарангуйлалын 70 жилд аль алинд нь байсангүй. Бид  бусдаас гуйдаггүй, бурханыг өөрөөсөө эрдэг, буй болгох бутраан сарниахаа өөрсдөө мэддэг Монголын Монголчууд.
Би гэдэг зүүний үзүүрт тогтсон ширхэг будаахан. Энэ ард түмний өчүүхэн эс ширхэг нь. Бурханы шашинтай хүний ёсоор бодит шалтгаан, бодит үр дүнд л итгэдэг. Зовлон болоод дэлхий ертөнц дээрх аливаа хувьслуудыг байгаагаар нь хүлээн авч байгаагаараа хариулт өгөхийг хичээдэг. Шуугиант хот, дандаа асч байдаг гудамжны гэрлүүдийн дунд алхахдаа хичнээн мөнгө өдрийн цагаар ассан гэрлийн төлөө урсдагийг тооцохыг хичээх нь миний зан. Цоргоноос ус дусалхад улсын эдийн засаг ярьж, усыг эрдэнэтэй зүйрлэдэг  ээжийн охин билээ би. Би цэлгэр тал, шингэх наран зүүгддэг уулсын охин. Өвгөдийнхөө холч ухааны энгээр бэрхшээл магтаалын далайд төөрчихөөгүй л явна. Сэтгэл доторх агуу их орон зай, эх дэлхий тэр чигээрээ миний эх орон. Монгол хүн, Монгол залуус жижигхэн үүрэнд өссөн тэвчээрт болжмор мэт халилд дүүлэн нисэхийг л хүснэм.

No comments:

Post a Comment

Та сэтгэгдэл үлдээхдээ Name/Url гэсэн хэсгийг сонгож үлдээгээрэй.Танд баярлалаа!!!